Нурах шахсан барилгын 50 өрхийг яах вэ

Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо III хорооллын нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн ард талын 16 дугаар байрны иргэдийг нүүлгэн, ойролцоох зочид буудлуудад байрлуулаад байна. Учир нь Би Жи Би Жи компани байрнаас долоохон метрийн зайд 18 давхар барилга барихаар тус байрны үерийн даланг нурааснаас 16 дугаар байрны даацын хавтанд суулт өгч эхэлжээ.
Ийнхүү барилга хазайж, нурж магадгүй нөхцөл байдал үүссний улмаас 16 дугаар байрны 50 өрхийн 213 иргэнийг нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр өнгөрөгч хоногт 20:00-00:00 цагийн хооронд нүүлгэж, БГД-ийн 12, 14 дүгээр хороонд байрлах 7 зочид буудалд байрлуулсан аж. Оршин суугчдаас 178 хүнийг нүүлгэн шилжүүлж, үлдсэн 37 иргэн ах дүү, хамаатан садны айлууддаа очихоор явжээ. Иргэдийг гурван хоногийн хүнсний нөөц, мөн хугацаанд солих хувцастай гарахыг зөвлөсөн. Зочид буудалд байрлаж байгаа иргэдийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна гэж БГД-ийн Мэргэжлийн хяналтын ахлах байцаагч Ч.Түмэнхүү ярьсан. Харин гурав хоногийн дотор асуудал шийдэгдэхгүй бол хэрхэхийг өнөөдөр хуралдах нийслэлийн Онцгой комиссын хурлаар шийдэх юм байна.
Иргэдийн аюулгүй орчинд тайван амьдрах эрхийг зөрчсөн Би Жи Би Жи компани нь уг газрын зөвшөөрлийг 2008 онд Нийслэлийн Засаг даргын 565 дугаар захирамжаар авч байжээ. Ингэхдээ гарааш, үйчилгээний зориулалтаар ашиглана гэж. Харин 2014 оны хоёрдугаар сард дахин сунгуулаад мөн оныхоо долоодугаар сарын 22-ны өдөр БХБЯ-наас 18 давхар худалдаа үйлчилгээний барилга барих зөвшөөрлийг авч, барилгын ажлаа гүйцэтгэхээр оролджээ.
Гэвч БГД-ийн удирдлагууд, 16 дугаар байрны болон ойр орчмын иргэд барилга бариулахгүй гэж тэмцсний дүнд барилгын ажлаа эхлүүлж чадаагүй аж. Гэсэн ч тэдний тэдний хийсэн үйлдэл иргэдийн аюулгүй амьдралд заналхийлж эхэллээ. Гарааш үйлчилгээний зориулалтаар авсан газраа худалдаа үйлчилгээний төвийн барилга болгож БХБЯ-аар зөвшөөрүүлсэн, 9-өөс дээш давхар барилга хоорондын зай 45 метр байна гэж баталсан НИТХ-ын журмыг зөрчиж, орон сууцнаас 7-8 метрийн зайд барилгын хундамаа цутгахаар зэхсэн Би Жи Би Жи ХХК-ийн удирдлагыг хэн ч мэдэхгүй байв. Тус компанийг менежер гэх н.Ганбат төлөөлдөг байна. Энэ зоргоороо үйлдлийн ард ямар эрх мэдэлтэн, хөрөнгөтөн байна вэ.
Өчигдөр хуралдсан нийслэлийн Онцгой комиссоос эрсдэл учирсан бүсэд шинжилгээ, дүгнэлт хийх, Би Жи Би Жи компанид 2008 онд 3000 м.кв газар олгосон, түүнийг 2014 онд сунгасан зөвшөөрлийг хүчингүй болгох, Нуралт үүссэн хөрсийг хүчитгэх, бэхжүүлэх, үүнд гарах зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх шийдвэр гаргасан гэж Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо мэдээлсэн.
Мөн Би Жи Би Жи компанийн газар эзэмших хугацааг сунгасан, барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулах шийдвэр гаргасан гэдгийг ч онцолсон юм.
Мөн Би Жи Би Жи компанийн газар эзэмших хугацааг сунгасан, барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулах шийдвэр гаргасан гэдгийг ч онцолсон юм.
Баянгол дүүргийн Засаг даргын зүгээс эсэргүүцлээ илэрхийлж, газар олголт, барилгын зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Барилга хот байгуулалтын яаманд удаа дараа албан бичиг, хүсэлт хүргүүлсэн ч асуудлыг шийдвэрлэж чадаагүйг ярьж байсан.
Газрын зориулалтыг өөрчлөн баталсан байжээ
2014 оны 9 дүгээр сард НМХГ-т барилга хоорондын зай, хэмжээ зөрчиж барилга барьж байгаа тухай “Найрамдал” СӨХ-ноос ирүүлсэн хүсэлтийн үндэслэн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Ингээд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2014.9.22-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2014.2.24-ний өдрийн А/115 тоот захирамжаар 3000 м2 газрыг таван жилийн хугацаагаар “Би Жи Би Жи” компанид гарааш, үйлчилгээний зориулалтаар олгосон байна. Гэтэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 2014.03.19-ний өдөр БГД/337 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар үйлчилгээ бүхий 18 давхар орон сууцны барилга болгож газрын зориулалтыг өөрчлөн баталжээ.
Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь /олгосон газарт зориулалтын бус барилга, байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах/ заалтыг зөрчсөн гэсэн үг юм.
Иймээс архитектур төлөвлөлтийн даалгавраа цуцалж, газрын зориулалтын дагуу төлөвлөлт хийхийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас, барилгын эскиз зураг төслийг хянан баталгаажуулсан “Петронас Тауэр” компанийг зөрчлөө арилгах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг 2014.09.22, 2015.03.23-ны өдөр тус тус хүргүүлж байжээ.
Байрны олонх оршин суугч нь түрээслэгч байжээ
16 дугаар байрны гадна очиход орцны хаалгыг лацдан, цагдаагийн албан хаагчид хамгаалалтад авсан байв. Тус байрны оршин суугч Д.Буянхишиг “Иргэдийнхээ амь насыг хамгаалахаар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай хийсэн мэргэжлийн байгууллагуудад талархалтай байгаа. Гэхдээ ийм байдал хүргэхгүй байх боломж байсан. Эрх мэдэлтэн, албан тушаалтан, ажил хариуцсан хүмүүсийн дүлийн дүмбэ байдлаас болоод ийм байдалд хүрлээ. Одоо бид энэ байшингийн суурийг сайжруулж, нурж унахааргүй хуучин байсан шиг нь болгох хэрэгтэй. Уг нь энэ хавийн байрууд газар хөдлөлт гэх мэт аюулд хамгийн тэсвэртэй барилгууд гэж байгаа шүү дээ. Ямар ч мэргэжлийн төлөвлөгөөгүйгээр зөвхөн газраа сунгах шуналаас болж ийм байдалд хүргэчихлээ” гэж ярьсан.
Түүний хэлснээр 16 байрны 7, 8 дугаар давхарт амьдарч байсан 120 гаруй иргэд “Таац” гэдэг нэртэй зочид буудалд байрлаж байгаа аж. Мөн тус байрны ихэнх оршин суугчид нь эзэд нь биш, оюутан голдуу хүмүүс түрээслэж амьдарч байсныг хэлсэн. Харин 16 дугаар байрны замын хойд талд орших Номуун зочид буудалд нүүж очсон иргэд яриа өгөхийг хүсээгүй.
Иргэдийн нүүлгэн шилжүүлэлтийн болон бусад үйл ажиллагааны зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, тухайн буруутай этгээдээр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Иргэдийн нүүлгэн шилжүүлэлтийн болон бусад үйл ажиллагааны зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, тухайн буруутай этгээдээр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн нийслэлийн Онцгой комиссын өчигдрийн хурлаар барилга барихаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, ухсан газрын нүхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулан цутгалт хийж хэвийн байдалд оруулах шийдвэр гаргасан.
“Би Жи Би Жи” компанид албан шаардлага хүргүүлж байжээ
Харин 16 дугаар байрны иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч өнгөрсөн оны 10 дугаар сард “Би Жи Би Жи” компанийн барьж байгаа барилгын ажлын явцад хяналт шалгалт хийжээ. Шалгалт хийхэд хорооны Засаг дарга болон СӨХ-ны гүйцэтгэх захирал, иргэдийн төлөөлөл байлцсан байна.
Шалгалтаар 16 дугаар байрны зүүн талын далангийн дагуу хамгаалалт хийлгүй газар шорооны ажил хийснээс нягтруулсан шороо их хэмжээгээр нурж хөндий үүссэн, зам, талбайн хавтан хөдөлгөөнд орж нурах аюултай болсныг шалгалтаар тогтоожээ.
Мөн автомашинууд байрлуулсан нийтийн эзэмшлийн зам, талбайгаар иргэд зорчиж байгаа нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 /хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан/ заалтыг зөрчсөн гэж үзсэн аж.
Иймээс тухайн орчинд аюулгүй бүс татан хамгаалалт хийж, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, нурсан газарт бэхэлгээ, хүчитгэлийг мэргэжлийн байгууллагаар яаралтай хийлгэн хэвийн байдалд оруулахыг “Би Жи Би Жи” компанид үүрэг болгож байжээ.
Өнөөдөр мэргэжлийн хяналтын байгууллагаас нөхцөл байдлын дүгнэлт, үнэлгээ гаргаснаар цаашид авах арга хэмжээ тодорхой болох юм байна. Гэхдээ гурван хоногийн дотор энэ ажлыг зохицуулж чадах эсэх нь эргэлзээтэй. Эс чадвал 16 дугаар байрны 50 өрх хаачих вэ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ