Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд өнөөдөр нийслэлээс шалгалт хийжээ.
Тодруулбал, НИТХ-ын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа болон НМХГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн албаны хүмүүс Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль болон 79 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хийжээ.
Шалгалтаар нэгдүгээр сургуулийн цайны газарт хэт чихэрлэг амттан, хийжүүлсэн энергийн ундаа худалдаалж байсан нь Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчсөн үйлдэл болжээ.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Эрүүл мэнд Хүнсний аюулгүй байдлыг хангах дэд хорооны даргаЖ.Амарсанаа: “Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульдаа ямар хоол унд идэж байгаад анхаарал тавьдаггүй. Сургуульд нь даатгаад үлдээдэг. Бидний шалгалт хийсэн цайны газрын тогооч нар хоол бэлтгэхдээ зориулалтын бээлийгүй, түргэн мууддаг зарим хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын дэглэм зөрчигдсөн байлаа. Мөн бага ангийн сурагчдад хэт чихэрлэг бүтээгдэхүүн, энергийн ундаа худалдаалж буй нь Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчиж байна” гэжээ.
Мөн НМХГ-ын хэлтсийн дарга Д.Энхбат: “Үдийн цай хөтөлбөр амьдрал дээр үдийн хоол болж хувирсан. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 200 орчим сургуульд зориулалтын, стандартын шаардлага хангасан цайны газар хуруу дарам цөөн байдаг. Ийм эрсдэлтэй тохиолдолд сурагчдад үдийн хоол бэлтгэн өгөх нь өөрөө асуудал дагуулж байгаа юм” гэжээ.
Б.Дэжид
Уншиж байна |