“ИСИС”-ийн дайчид Нигерт нэвтэрнэ гэжээ

img

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн оны дундуур Борно мужид байрлах охидын сургуулийн дотуур байрнаас 200 гаруй охиныг хулгайлж, улмаар нөхөрт гаргасан хэмээн мэдэгдсэн билээ. Охидыг эргүүлэн өгөхийг олон улс шаардсан ч “Боко Харам” бүлэглэл эрс татгалзсан юм. Тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау өчигдөр 19.00 цагийн орчимд охидыг ариун исламын шашны дагуу гэрлүүлсэн хэмээн мэдэгдсэн 14 минут үргэлжлэх видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Энэхүү бичлэгт ““Боко Харам” оршин тогтнож байх хугацаандаа Борно мужийн охидыг суллахгүй. Охидыг суллахгүй, мөн тохиролцоо, солилцоо хийхгүй” гэж Абубакар Шекау хэлжээ. “Боко Харам” өнгөрсөн сард Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй нэгдэж буйгаа зарласан билээ.  Абубакар Шекау тус видео бичлэгийн төгсгөлд “Тун удахгүй Нигерийн газар нутагт “ИСИС”-ийн дайчид нэвтрэх болно” гэжээ.

 

Нигерийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан, сөрөг хүчний тэргүүн Мухаммеду Бухари сонгуулийн амлалтын үеэр ““Боко Харам” бүлэглэл болон “ИСИС” хамтарч Нигерт аюул учруулахаас нь өмнө устгах болно” гэсэн билээ.   

 

Ерөнхийлөгч өчигдөр Абубакар Шекаугийн бичлэг олон нийтийн сүлжээнд байршсаны дараа төв телевизээрээ дамжуулан ард түмнээ эвтэй байхыг сануулаад “Би хэт даврагчдад хэзээ ч бууж өгөхгүй. Тэд биднийг айлгаж чадахгүй” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ