Бизнест ногоон гэрэл асааж өгөөч

Монгол Улсын бизнесийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТанхим, түүний гишүүдийн төлөөлөл “Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэйг сануулав. Тэд “Бизнест ногоон гэрэл асаая” хэмээн уриалж байна. Бизнесмэнүүд эдийн засгийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэх хөшүүргийг зөв ашиглах нь хүндрэлээс гарах, цаашдын тогтвортой өсөлтөд ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Мега төслүүдийн хөрөнгө оруулалтыг хугацаа алдалгүй шийдсэнээр ажлын байр бий болгох юм. Иймд улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй асуудалд хэт туйлшрахгүйгээр бодитой, алсын хараатай, мэргэн ухаанаар хандана гэдэгт итгэж буйгаа энэ үеэр дуулгалаа.
Мөн төр түшилцэж яваа эрхэм түшээд боломжийг ашиглан, хямралыг ужигруулахгүйгээр даван туулах, эдийн засгийн өсөлтийг хангах ухаалаг шийдвэрийг цаг алдалгүй гаргах, Ногоон гэрэл асааж өгөхийг гуйж буй аж.
Энэ үеэр “Монгол-999” нэгдлийн ТУЗ-ийн гишүүн Ө.Мөнхбат “Аж ахуйн нэгжүүд сүүлийн нэг жилийн хугацаанд татвараа төлж чадахгүйгээс гадна цалингаа тавих боломжгүй боллоо. Жил бүрийн энэ үед барилгын болон уул уурхайн ажил эхэлдэг. Гэтэл ямар ч эргэлт алга. Тиймээс том төслөө хөдөлгөн эдийн засгаа эргэлтэд оруулах хэрэгтэй. Манай улс аж ахуйн нэгжийнхээс өртэй нийлээд 20 тэрбум төгрөгийн өртэй. Өрийг төлөхийн тулд ажил хийх ёстой. Үүний тулд макро эдийн засаг хөдлөх хэрэгтэй” гэсэн юм. Энэ хэвээр байдал үргэлжилбэл ирэх есдүгээр сард эдийн засаг тартагтаа тулна хэмээн тэрээр онцлов. Хэрэв ийнхүү эдийн засаг хүндэрвэл нэн түрүүнд нийгмийн халамжаар амьдардаг иргэд өртөх юм. Хамгийн гол нь том төсөл хөдөлснөөр хүн бүр ажлын байртай болох тухай хуралд оролцогч бизнесийнхэн ярьж байна. Энэ нь эдийн засгийг хөдөлгөгч хүч, макро эдийн засгийн эргэлтийн хүрд, хүч гэдгийг бизнес эрхлэгчид хэлсэн юм.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих элдэв төлөвлөгөө боловсруулдаг төрийнхөн нэг гараараа нөгөөхөө хүлж байна. Учир нь үйлдвэрлэлээс гарсан бүтээгдэхүүний худалдан авагч нь ард түмэн. Худалдан авах чадваргүй иргэд дэмжих сэтгэлээс илүү гарахгүй байна. Тиймээс ажилгүй иргэдээ ажилтай болгох боломжийг боомилолгүй, том төслүүдээ хөдөлгөхийг уриалсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин /Д.ОЮУНЧИМЭГ/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ