”Мянгат” хулгайчид

1185 мал хулгайд алдагджээ. Урт гартнууд нэг жилийн хугацаанд нэгэн мянгат малчны хотыг харлуулсантай дүйцэхүйц хэрэг үйлдчихэж. Хайран буянт мал. Эзнийхээ хотонд, энгэр, ээвэр талдаа бэлчиж явсан бол. Тэд сүрэг үхэр, азарга адууг ч хулгайлж, махыг аваад мөнгө болгож л байвал төрийн сүлдэндээ дүрийг нь залснаа тоолгүй буу шагайж амийг тасалдаг гэнэ.
Энэ яриад буй хэргийн тоо, үйлдэл бол зөвхөн Төв аймгийн хэмжээнд. Улсын нийслэлийг тойрч оршдог, 27 сум, 397 багтай, олон салаа зам дайрч өнгөрдөг энэ нутаг зам тээврийн осол, хэрэг, мал хулгайлах гэмт хэргийн гаралт өндөртэйд тооцогддог.
Үүнээс малын хулгайн гэмт хэргийн гаралт улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт хэргийн 15 орчим хувийг, Төв аймгийн хэмжээнд гарч буй нийт хэргийн 20 орчим хувь, түүнээс хулгайлах төрлийн гэмт хэргийн 60 орчим хувийг эзэлдэг гэж Төв аймгийн цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, хошууч Н.Доржбалжид ярьсан.
Малын хулгайн гэмт хэрэгтэй цагдаагийн байгууллага дангаараа тэмцэхэд хүндрэлтэй. Үйлдэгдэж байгаа газар нь өргөн уудам, хэргийг шалгахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч их ордог учраас энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр орон нутгийн засаг захиргааны байгууллага, малчид иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд аймгийн цагдаагийн газраас олон арга хэмжээ авч байгааг дурдав.
Аймгийн цагдаагийн газар, сумын цагдаагийн хэлтсийн албан хаагчдаа 8 бүсэд хувааж, нэг бүсэд 3-4 сумыг хариуцуулан ажиллуулж эхэлжээ. Албан хаагчид улиралд нэгээс доошгүй удаа өөрсдийн хариуцсан бүсэд ажиллаж иргэд, малчидтай уулзан урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, хэрэг үйлдэгдсэн тохиолдолд тодорхой арга хэмжээг авч ажилладаг байна. Ингэснээр иргэд цагдаагийн хамтын ажиллагаа ойртож, гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэн, цаашилбал малын хулгайн гэмт хэрэг буурах хандлага ажиглагдаж байгааг онцолж байсан.
Мөн зам тээврийн осол, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохын тулд хөдөлгөөнт постуудыг өнгөрөгч оны төгсгөлөөр 2 сарын хугацаанд ажиллуулахад тодорхой үр дүн гарч, гэмт хэргийн гаралт буурч, нууц далд аргаар үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг илрүүлжээ.
Хулгайч хүний санаанд багтамгүйг сэтгэдэг
Мал хулгайлна гэхээр бэлчээрээс нь туугаад явах, өөр орон нутагт аваачин бусдад зарж солих гэж ойлгодог байсан цаг хэдийнэ өнгөрч, “улаан махны бузар”-аас айдаггүй, урт гартнуудын арга улам нарийсчээ. Тэд аль болох хурдан унаа ашиглаж, малын амийг хамгийн амархан тасалж болох аргыг хэрэглэдэг болсон. Хажуугаар өнгөрч буй хүн харахад гэмт хэрэг үйлдэж байгаа нь анзаарагдахааргүй хийж байна гэж Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч ярьж байна.
Хулгайчид хүний санаанд багтамгүйг сэтгэдэг аж. Нэг гэр бүлийн таван гишүүн Соната-5 маркийн автомашин ашиглан хулгай хийдэг байж. Олон хавар нэгэндээ гэгчээр тэд шүдлэн үхэр хулгайлаад буцах замдаа цагдаад баригджээ. Таван зорчигчтой суудлын тэрэгний ард талын суудалд шүдлэн үхэр багтаах малын хулгайчдын ур чадварыг гайхмаар. Цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг 5 бүлгийн 24 этгээдийг саатуулан шалгаж буй юм байна. Тэдний дунд энэ хэргийг давтан үйлдэж байгаа нь цөөнгүй.
Улаанбаатар, Төв аймаг, Дарханы гурван залуу нийлэн айлын 35 адууг портер машинаар тууж, Төв аймгийн А-ын гадаа аваачин хариулж байгаад 7 адууг махалж, Дарханд аваачин махны ченжид зарсан. Өнгө нь өөр Хюндай портер, Хонда-пит, Ланд-80, Вайд бонго зэрэг маркийн автомашин ашиглаж 14 удаагийн үйлдлээр бусдын 20 үхэр, 20 гаруй бог малыг зарж борлуулжээ. 22 удаагийн үйлдлээр 20 үхэр, 2 адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан. Гэгээн цагаан өдрөөр малын захад буун бие засч буй дүр үзүүлээд захаас нь нэгийг бугуйлдаад авч явдаг гэх. Сүүлийн хоёр жилийн турш хоёр хоног тутамд ченжүүдэд мах нийлүүлж байсан этгээдийн хэргийг шалгаж байгаа. Энэ зэргээр мал хулгайлах гэмт хэрэгт, хулгайчдын зохисгүй үйлдэлд замбараа алга.
Угийн айван тайван малчид суудлын тэрэг ашиглаж бод малыг амьдаар нь хулгайлна гэж боддоггүй, сүргээсээ ганц, хоёроор алга болсон малыг хулгайд алдагдсан гэж сэтгэхгүйгээр эрэл, сурал хийн, цагдаад мэдэгдэлгүй уддаг аж.
Малчдын хариуцлага дутдаг
Тэдэнд бод малыг хонь адил хариулгатай байлга, им, тамга, зүсний бүртгэл хөтөлж, бүртгэж бай, хурдан жороо, гойд ашиг шимтэй малыг тусгалйн бүртгэж зураг хөргийг авч хадгал гэдгийг цагдаагийн байгууллагаас байнга сануулдаг аж. Гэвч малчдын малаа хариулгагүй орхидог, үхэр, адуугаа хэд хоногоор хээр байлгадаг зэрэг нь малын хулгайчдад “аманд орсон шар тос” болдог аж. Тэгэхээр малчид ч өмч хөрөнгөө хамгаалах үүргээ биелүүлж хариуцлагатай хандах хэрэгтэй юм. Хөдөлмөрийн үр шим, өмч хөрөнгөө өөрийн хариуцлага муутайгаас хулгайчийн халаасанд хийчихээд зүдэж буй малчин цөөнгүй байна.
Төв аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа А.Батбаяр “Аймгийн нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэргийг бууруулах нэг арга бол байнгын хөдөлгөөнт эргүүл, хөдөлгөөнт пост ажиллуулах юм. Тухайлбал, Цагаан хөтөл, 4 дүгээр зөрлөг, 61-ийн гарамаас цааш гэх мэт газруудад. Ингэснээр мал хулгайлах гэмт хэрэг, замын тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж, гаралтыг багасгах боломжтой” гэж ярьсан.
Бие зовоолгүй мөнгө олж, бусдын хөрөнгөөр хүүдэгнэх гэсэн хулгайчдыг төрийн хуулиар шийтгэдэг. Гэвч тэднийг хурдан машин, хурц хутга, буу, бугуйлаар өвч зэвсэглэж, нарийн арга зохиогоод малын анд гарахыг хэрхэн болиулах вэ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ