“Лантуу хүүгийн богц” зүүн аймгуудыг зорилоо

Зүүн гурван аймагт ой, хээрийн түймэр асч, 50 гаруй өрх гэр оронгүй болсон хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж буй. Түймрийн улмаас гэр оронгүй болсон иргэдэд туслах цуваа Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийг зорьж байна.
Тэгвэл хүчирхийллийн эсрэг нэгдсэн “Лантуун дохио” бүлгэмийн залуус хүүхэд хамгааллын “Лантуун хүү” төслийг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд Сүхбаатар, Дорнод аймаг руу хандив илгээлээ. Тэд Сүхбаатар, Дорнод аймгийн түймэрт гэр орноо алдсан айлын хүүхдүүдэд зориулан хувцас цуглуулах аяныг хоёр өдөр өрнүүлсэн юм. Энэ аяны хүрээнд зөвхөн хүүхэд гэхгүй том хүний хувцас, гэр ахуйн бараа, хоол хүнс цугласныг өчигдөр орой боож баглаж бэлтгэсэн билээ.
Өнөөдөр Сүхбаатар, Дорнод аймгууд руу тэд сайхан сэтгэлт хүмүүсийн хандивыг "Лантуу хүүгийн богц" нэрээр илгээлээ. Ачаа өнөө орой зорьсон газартаа хүрэх бөгөөд тусламж хэрэгтэй айл өрхөд түгээх ажээ. Мөн энэхүү хандивийн богцонд АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн III дамжааны оюутнуудын гэр орон, мал сүргээ алдсан малчин өрхөд сэтгэлийн дэм хайрласан урмын үгтэй захидлуудыг багтаасан аж.
Хүнд туслах сэтгэлд их бага гэж байдаггүй. Гагцхүү хэн нэгэнд хэрэгтэй зүйл, нөгөө хүнд хэрэггүй байдаг. Тиймээс өмссөн хувцаснаас өөр зүйлгүй хоцорсон айлын хүүхэд багачуудад туслах зорилготой энэхүү аяныг эхлүүлсэн. Энэхүү хандив цуглуулах аяныг нийслэлийн гурван байршилд, хоёр өдрийн дотор хүлээн авч, хүргэж өгөх боломжгүй айлуудаас гэрээр нь очиж авсан.
Бидэнд шинэ хувцас, тоглоом, хоол хүнс, хүүхдийн тэжээл зөндөө ирсэн. Хуучин хувцас ч ирсэн. Гэхдээ хүүхдийн хувцас элэгдээд байдаггүй ч ЭДКС хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлсэн.
Бидний санаачлагыг дэмжиж үнэ төлбөргүй угааж, цэвэрлэж өгсөн, өөрт байгаа бүхнээсээ илүүчилж, сайн үйлсийн аянд нэгдсэн бүх хүмүүст талархаж байна хэмээн “Лантуун дохио” бүлгэмийн залуус хэлж байлаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ