Залуучуудын зөвлөлд нэр дэвшигчид маргааш хуралдана

МЗХ-ны Их хурлын хооронд үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдаж, залуу хүний эрх ашгийн төлөө ажиллаж, жилд хоёр удаа хуралддаг байгууллага бол Үндэсний залуучуудын зөвлөл ажээ.
Тус зөвлөлийн гишүүдийг сонгох сонгууль өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны өдрөөс энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилсэн байна. Сонгуульд нийт 540 хүн нэрээ дэвшүүлсэнээс чөлөөт суудалд 250 хүн нэр дэвшиж, тэдгээрээс 113 нь энэхүү суудалд суух эрхтэй болжээ.
ҮЗЗ-ийн сонгуульд нэр дэвшигчид онлайнаар бүртгүүлсэн бөгөөд шалгуур үзүүлэлт нь ажлын туршлага, эссэ бичих, дэнчингийн мөнгө болох 240 мянган төгрөгийг дансанд байршуулах зэрэг шалгуурыг тавьсан байна.
ҮЗЗ нь МЗХ-ны Их хурлын хооронд үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах төдийгүй 339 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, залуучуудын бүх насны төлөөллийг хамруулах, жилд хоёр удаа хуралдах тогтмол үйл ажиллагаатай Монгол залуусын хамгийн том нэгдэл юм байна.
Энэ ч утгаараа сонгуульд салбар салбарын төлөөлөл болосн залуус өөрийн нэрийг дэвшүүлсэн аж. Тухайлбал МУ-ын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, АН-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газрын дарга С.Эрдэнэболд, Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Татварын Ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Хийлч О.Байгаль, “СҮҮ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Энхболд, TВ10 телевизийн захирал Ө.Отгонбаатар нар нэр дэвшсэн байна.
Мөн МNC телевизийн захирал А.Адилбиш, Powerlifthing-ийн Ази тивийн 4-н удаагийн мөнгөн медальт Ц.Зол-Эрдэнэ, “Болор цом-2013”-ын эзэн, “Өдрийн сонин”-ийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Гантулга, “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан зэрэг залуус нэрээ дэвшүүлжээ.
ҮЗЗ-ийн анхдугаар хуралдаан энэ сарын 28-н буюу маргааш 09 цагт Нийслэлийн иргэний танхимд болох аж. Анхдугаар хуралдаанаараа олон асуудлыг хэлэлцэх ба тэдгээрийн нэг нь улс төрчдийн хар жагсаалт байх гэнэ. Монгол Улсын өнцөг булан бүрээс залуучууд, орон нутгийн иргэдээс санал асуулга явуулж ҮЗЗ-ийн II хуралдаанаар улс төрийн хар өдөр буюу 10 сарын 02-ны өдөр олон нийтэд танилцуулах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ