Өнгөт арьстнууд жагсав

“АНУ бол эрх чөлөөт улс биш. Өдөрт нэг өнгөт арьст иргэн хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд хоригдож бас амиа алдаж байна” гэх уриан дор нэгдсэн олон мянган өнгөт арьст иргэн Мэрилэнд муж улсын Балтимор хотноо жагсаал зохион байгуулж, цагдаагийнхантай мөргөлдсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Жагсаалд ойролцоогоор 1500 орчим иргэн нэгджээ. Тэд гартаа мод, чулуу барьцгааж, Балтимор хотын цагдаагийн газар руу шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Өнгөт арьстнууд ийнхүү жагссан шалтгаан нь цагдаа нарын гарт амиа алдсан Фредди Грей гэх залуугаас болжээ. Цагдаа нар Грейг өнгөрсөн сарын эхээр хулгайн хэргээр баривчилсан юм. Долоо хоногийн турш үргэлжилсэн эрүү шүүлтийн үеэр залуу амиа алдсан бөгөөд тэрээр хэргээ хүлээхгүй байсан учир ийнхүү тамласан хэмээн цагдаа нар мэдэгдсэн билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Балтиморын зургаан цагдааг баривчилж, мөрдлөгө явуулж байгаа юм. Өнөөдрийг хүртэл хэрэгтнүүдийг хуулийн дагуу шийтгэхгүй байгаад хотын иргэд дургүйцлээ илэрхийлжээ.
Жагсагчид өчигдөр цагдаагийн машин шатаасны дараа мөргөлдөөн үүсчээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг даралттай ус ашигласан ч үр дүнд хүрээгүй байна. Хотод эмх замбараагүй байдал үүсч, жагсагчид хүссэн дэлгүүр, хоршоогоо дээрэмдэж, тонож байгаа хэмээн “AFP” агентлаг мэдээлжээ. Хотын дарга онц байдал зарлах асуудлаар шуурхай хуралдаан зохион байгуулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ