Үндэсний үйлдвэрлэгчид тусламжийн гараа сунгав

Зүүн гурван аймагт гарсан гал түймрийн аюул гамшгийн хэмжээнд хүрч, ард иргэд, малчдад эрүүл мэнд, эд материал, сэтгэл санааны хохирол учраад байгаа билээ. Тиймээс түймрийн аюулд өртсөн иргэдэд тусламжийн гараа сунгахыг Аж үйлдвэрийн яамнаас салбарын нийт аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид, байгууллага, хамт олонд хандан уриалсан юм.
Энэ хүрээнд өнөөдөр “Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциаци”- ийн гишүүн байгууллагууд, аж ахуй нэгж, иргэдийн хандивласан эд материал, мөнгөн тусламжийг ОБЕГ-т хүлээлгэн өглөө. Тусламж хүлээлгэн өгөх арга хэмжээнд Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделхан, Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга С.Балжинням, “Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалмаа, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Ц.Бямбарагчаа нар оролцлоо.
Энэ удаагийн тусламж бол зөвхөн эхлэл
Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан “Он гарсаар нийт 100 гаруй удаагийн түймэр гарсан байна. Ялангуяа зүүн гурван аймагт гарсан ой хээрийн түймэрт малчид ихээр өртөж, эд материалын болон сэтгэл санааны хохирол амсаад байна. Тиймээс Аж үйлдвэрийн яамнаас санаачлан салбарын үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олонд хандан уриалга гаргаж, манай яамны бүх ажилчид нэг өдрийнхөө цалинг хандивлалаа.
Үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоодууд эхнээсээ хандив өргөж байна. Үндэсний үйлдвэрлэгчид маань түймэрт өртсөн иргэд, малчдад тусламж хүргүүлж байгаа нь сайшаалтай. Энэ бол зөвхөн эхлэл гэж харж байгаа. Цаашид олон үйлдвэрлэгч туслана гэдэгт итгэлтэй байна” гэв.
19 аж ахуй нэгжийн 153 сая төгрөгийн хандив цуглаад байна
OБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Ц.Бямбарагчаа “Өнөөдрийн байдлаар 19 аж ахуй нэгжийн 153 сая төгрөгийн хандив, тусламж цугласныг гал түймэр гарсан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад хүргүүлээд байна. Өнөөдөр “Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциаци”- ийн гишүүн байгууллагууд, үйлдвэрлэгчид, аж ахуй нэгж, иргэдийн хандив, тусламжийг хүлээж авсандаа таатай байна” гэлээ.
Жирийн иргэдэд зориулан 50 хос гутал хандивлалаа
“Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны бэлэн бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч Д.Гэрэлт-Од “Тусгай зориулалтын хөдөлмөр хамгааллын гутал гэхээсээ илүү малчид, иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд зориулсан хүүхдийн болон том хүний гутал бэлдлээ. Мэдээж тэнд ажиллаж байгаа ОБЕГ-ын алба хаагчдад зориулсан тусгай зориулалтын гээд нийтдээ 50 хос гутлыг хандивлаж байна.
40 ширхэг ноолууран хөнжил хандивлалаа
“Говь” ХК-ний Хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Тэгшжаргал “Малчид бол манай компанийн хамгийн чухал харилцагч. Тиймээс зүүн гурван аймагт гарсан гал түймэрт өртөж, мал, орон гэргүй болсон иргэддээ бид тусламж хүргүүлж байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 40 айл орон, гэргүй болсон тухай мэдээлэл авсан учраас 40 ширхэг ноолуурын орцтой оёмол хөнжлийг хандивлаж байна” гэв.
Иж бүрэн хамгаалалтын хувцас илгээж байна
“МТОТ” ХХК-ний ерөнхий захирал М.Тэмүүлэн “Манай хамт олны зүгээс 500 маск, зузаан ултай арьсан 20 хос гутал, 20 ширхэг ажлын хувцас, бээлий зэрэг иж бүрэн хамгаалалтын хувцас тусламжаар хүргүүлж байна. Өөрөөр хэлбэл, 2.1 сая төгрөгийн үнэ бүхий бараа, 200 мянган төгрөгийн хандивийг хүлээлгэн өгч байна. Энэ дашрамд бүх үйлдвэрлэгч нартаа хандаж түймэрт өртсөн малчид, иргэддээ тусламж хүргүүлэхийг уриалж байна гэлээ.
Үйлдвэрлэгч бид 15 сая төгрөгийн эд материал хандивлалаа
Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалмаа “Зүүн гурван аймагт гарсан түймэрт өртсөн малчид, иргэдэд зориулан “Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциаци”-ийн төлөөлөл болох есөн аж ахуйн нэгж , хувь хүмүүс орон гэр нь шатсан өрхүүдэд гэрийн бүрээс, даавуу, маск, бээлий, хувцас болох 15 сая төгрөгийн эд материал хандивлалаа.
Тухайлбал, элсэн чихэр, цагаан будааг оёдлын үйлдвэрээс тусламж болгон өгч байна. Мөн “Монголын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-оос гурван сая төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хөдөлмөр хамгааллын хантааз хандивлалаа. Энэ бүхэн үйлдвэрлэгч бидний чин сэтгэлийн илэрхийлэл юм шүү.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ