Амиа алдагсдын тоо 4310-т хүрлээ

Балба улсын Катманду болон Похаро хотноо болсон газар хөдлөлтөөр өнөөдрийн байдлаар 4310 хүн амиа алдсан тухай тус Онцгой байдлын яамнаас мэдээлснийг “www.telegraph.co.uk” дамжууллаа. Мөн газар хөдлөлтөөр 80 гаруй жуулчин амиа алдаж, 20 гаруй жуулчин сураггүй байна. Сураггүй байгаа жуулчдын ихэнх нь Британийн иргэд бөгөөд тус улс Балба руу 500 хүний бүрэлдэхүүнтэй аврах багаа илгээсэн хэмээн Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгджээ.
Байгалийн гамшгийн дараа Хятадын аврагчид Катманду хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд орон гэрээ алдсан хүмүүст тусламж үзүүлж эхэлсэн гэв. Хятад тус улсад 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. НҮБ болон “Улаан Загалмай” нийгэмлэгийн элч нар өнөөдөр 1.1 сая ам.долларын үнэтэй хүмүүнлэгийн тусламжийг хүмүүст тараажээ. Ойролцоогоор есөн сая хүн газар хөдлөлтийн улмаас орон гэрээ алдаж, хохирол амсчээ. Катманду хотод цахилгаан болон цэвэр ус тасраад байна. Энэтхэгийн Засгийн газар цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр 100 гаруй мэргэжилтнээ илгээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ