Тавантолгойгоос монголчууд зөвхөн түрээсийн ашиг хүртэх үү

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн гэрээний төслийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Тавантолгой нь Монгол Улсын 2.1 сая иргэн хувьцаа эзэмшдэг цорын ганц орд гэдгийг хэлэв.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК 2010 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж сүүлийн 3 жил дараалан ашигтай ажилласан. 2015 оны эхний улиралд 1.8 сая тонн нүүрс экспортлож Монголын хамгийн том экспортлогч болоод байна. 2012 оны сонгуулийн өмнө “Чалко”-той гэрээ байгуулж, урьдчилгаа зээлж авч бэлэн мөнгө тарааснаас шалтгаалан өнөөдрийг хүртэл олборлож буй нүүрснээс олж буй ашгаараа “Чалко”-гийн өрийг төлсөөр байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн 3 жилд ашигтай ажиллаж, жил бүр 5000-6000 тонн нүүрс экспортлож байна. Бүх зардлаа оруулж тооцоод өнөөдөр 1 тонн тутамд 5.8 ам.долларын ашиг олж байгаа” хэмээн мэдээлэв.
“Энержи ресурс” компани өнөөдрийн байдлаар 1 тонн нүүрс тутамд 9.8 ам.долларын алдагдал хүлээж байгаа. Тус компанийн үйл ажиллагааны талаар bloomberg.com сайт дээр 2015 оны эцэс гэхэд “Энержи ресурс” компани бэлэн мөнгөний дутагдалд орно гэсэн тооцоо, тодорхой эх сурвалж бүхий мэдээллийг гаргажээ. Тэгэхээр “Энержи ресурс” компанийг санхүүгийн хямралаас гаргах гол аврал нь энэ гэрээ болоод байгааг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэллээ.
Тиймээс тэрбээр үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж, ашигтай ажиллаж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг гэрээний оролцогчоор оруулахгүйгээр хийгдэж байгаа энэ гэрээгээр Монголын тал буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК зөвхөн 2 хувийн түрээсийн ашиг авахаар байна. Үлдсэн 98 хувь нь гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг болохоор заасан байгаа. Үүнийг одоогийн зах зээлийн үнээр тооцвол 2 хувийн түрээсийн ашиг нь 1 жилд 25 сая ам.доллар буюу 50 тэрбум төгрөг болно. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК бүрэн чадлаараа ажиллавал жилд 150 сая ам.доллар олох боломжтой. Тэгэхээр бид 25 сая ам.доллараар 150 сая ам.доллараа солих нь гэсэн үг. Тавантолгойн ордыг алимтай зүйрлэвэл “том алим”-аа тэр чигт нь тавьж туух гэрээ юм” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ