Улаанбурхан өвчний улмаас 389 хүн эмчлүүлж байна

ХӨСҮТ-д өнгөрөгч гуравдугаар сарын 18-нд Улаанбурхан өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш улсын хэмжээнд халууралт тууралттай хамшинжийн 2380 тохиолдол бүртгэгджээ.
Эдгээрээс лабораторийн шинжилгээгээр 341 тохиолдол нь улаанбурхан болох нь батлагдаад байгаа аж.Өнөөдрийн байдлаар тус төвд 684 өвчтөн, 203 сахиур байгаагын 389 нь улаанбурхан өвчний улмаас эмчлүүлж байна.
Улаанбурханы лабораториос Гонконгийн Улаанбурханы бүсийн лавлагаа лабораторид баталгаажуулах шинжилгээнд илгээсэн эерэг болон сөрөг сорьцууд ийлдэс судлал болон ПГУ-н шинжилгээгээр 100 хувь батлагдсан байна.
Улаанбурхан дахин дэгдэлттэй холбоотойгоор тавдугаар сард зохион байгуулагдах нэмэлт дархлаажуулалтын төсөл боловсруулж, баруун таван аймагтай цахим хурал зохион байгуулж, улаанбурханы дэгдэлтийн үед хэрхэн ажиллах мэргэжил арга зүйн зөвлөмж өгчээ.
Мөн улаанбурханы асуудлаар ДЭМБ-аас Зөвлөх мэргэжилтэн урьж ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангасан аж. ХӨСҮТ-ын Халдвартын клиникийн долоон тасагт улаанбурхантай өвчтөнийг авч, амбулаторийн тасгийн эмч нарыг тасгуудад нэмэлтээр ажиллуулж байна.
Түргэн тусламжийн дуудлага, амбулаториор үйлчлүүлэгчид, хэвтэн эмчлүүлэгчид нэмэгдэж, орны ачаалал ихсэж, хүнд өвчтөн олон байгаа ч гэсэн тус төвийн эмч, ажилтан, хамт олон нөөц боломжоо дайчлан ажиллаж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ