Хашаан дахь өвсөө шатааснаас гэр байшингүй болов

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 15:48 минутанд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 41 дүгээр гудамжинд шар өвс, гэр, байшин шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу Аврах гал унтраах 10, 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход хоёр гэр галд өртөж бүрэн шатаж, хоёр байшингийн дээврийн хэсэг, гадна тал шатаж байсныг унтраажээ.
Сүүлийн үед иргэд хашааны шар өвсөө шатааж байгаад гал алдаж орон гэргүй болох тохиолдол гарсаар байна. Иймд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг хаврын хуурайшилтын энэ үед галын аюулгүй байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой байхыг сануулав.
Мөн хашааны өвсөө шатаахгүй байх, ил гал гаргахгүй, цогтой үнс нурмыг тусгай зориулалтын тагтай төмөр саванд хийх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ