Халаа сэлгээнийхээ асуудлаар тайлбар хийв

Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тухай асуудлаар Төрийн ордон дахь Нээлттэй сонсголын танхимд хэлэлцүүлэг өрнөлөө. УИХ дахь Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Хөдөлмөрийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, ШШГЕГ, Төрийн бус байгууллагууд, өргөдөл гаргагч иргэдийн төлөөллүүд оролцов.
Мөн Өргөдлын байнгын хорооны гишүүд болох О.Баасанхүү, Ж.Батзандан, Ж.Батсуурь, Н.Батцэрэг, С.Ганбаатар, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Ш.Түвдэндорж, Д.Хаянхярваа, М.Энхболд нар оролцлоо. Харин УИХ дахь намуудын төлөөлөл болж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Су.Батболд, Л.Энх-Амгалан, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав, Шударга ёс эвслийн бүлгээс З.Баянсэлэнгэ гишүүн оролцов.
Ажлаас халагдсаны нөхөн олговорт 2 тэрбум төгрөг олгожээ
Нээлттэй сонсголыг нээж, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлбар авах зорилгоор УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны нээлттэй сонсгол хийж байна. Манай байнгын хороонд төрийн албан хаагчийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн хэмээн өргөдөл ирүүлсэн иргэдийн хүсэлтийг үндэслэн талуудыг байлцуулан хэвлэл мэдээлэлд нээлттэйгээр зохион байгуулж байна.
2014-2015 оны хооронд ажлаас үндэслэлгүй халсан гэх нийт 179 өргөдөл Өргөдлийн байнгын хороонд ирсэн. Үүний 64 нь Хөдөлмөрийн яам болон салбарын хэмжээнд, 66 нь БОНХАЖЯ болон салбарын хэмжээнд, 11 нь Эрүүл мэнд, спортын яам, 14 нь ХХААЯ болон салбарын хэмжээнд, 5 нь Барилга, хот байгуулалтын яамны салбар, 8 нь БСШУЯ-ны салбарын ажилтан ажиллагсад байсан. Өргөдлийн агуулгаар нь авч үзвэл яамдын Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нар үндэслэлгүйгээр албан хаагчдыг чөлөөлөх шийдвэр гаргаж байна, тухайн албан тушаалтны чиг үүрэг хэвээр байхад албан тушаалын нэр, газар, хэлтсийн нэрийг бага зэрэг өөрчлөн бүтцийн өөрчлөлтөд оруулж байна гэх зэргээр өргөдөлдөө бичсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн 2014 оны тайланд тусгасанаар өнгөрсөн онд Засгийн газрын бүтцэд гурван удаа өөрчлөлт, хөдөлгөөн оржээ. Нийт төрийн байгууллагуудын хэмжээнд 1500-2000 орчим төрийн албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн мэдээ байна. Сангийн яамны мэдээгээр Монгол Улсын 2015 оны тодотгосон төсөвт бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох зардалд нийт 5 тэрбум 378 сая 313 мянган төгрөг тусгасан байна.
Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн мэдээгээр 2013, 2014 онд Захиргааны хэргийн шүүхэд хандан Ажилд эргүүлэн томилох төрийн албан хаагчийн нэхэмжлэл гаргасан 347, Шүүхээр ажилд нь эргүүлэн томилохоор шийдвэрлэсэн 186, Ажилгүй байсан хугацааны цалин авахаар нэхэмжилж шийдвэрлэсэн 155 хүнд нийт 739 сая 210 мянга 451 төгрөгийг олгосон байна. Иргэний хэргийн шүүхэд хандан Төрийн үйлчилгээний албан хаагчийг үндэслэлгүйгээр халсан 630 хэргийг шийдвэрлэж, 1 тэрбум 315 сая 809 мянга 383 төгрөгийг нөхөн олгосон. Сүүлийн хоёр жилд төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр халсан хэмээн шүүхээр шийдүүлж, нөхөн олговорт нь улсын төсвөөс 2 тэрбум 055 сая 019 мянга 834 төгрөгийг олгожээ.
Төрийн албаны залгамж халаа, үйл ажиллагааны тогтвортой байдлыг үл харгалзан Засгийн газрын гишүүд өөрийн харьяа яам, агентлаг, газар хэлтсийн дарга нарыг халж сольсон талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг үндэслэж Хөдөлмөрийн яам, БОНХАЖЯ, ЭМСЯ-ны сайд нарыг энд урьсан. Тэд өөрсдийн тайлбараа гаргах биз ээ” гэв.
Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд Н.Оюунхорол, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар өөрсдийн тайлбар өгсөн.
Улс төрийн халаа сэлгээгээр нэг ч хүнийг солиогүй
Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд Н.Оюунхорол “Миний хувьд анх удаа Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг авч ажиллаж байна. 1.6 жилийн хугацаанд төрийн ажлыг хурдан шуурхай явуулахын тулд чадварлаг баг хамт олныг бүрдүүлж, хуулиа дээдлэх үүднээс өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьж байгаа. Нэг ч хүнийг улс төрийн халаа сэлгээгээр солиогүй. Төрийн албыг төрлийн алба болгож, хамаатан садан, төрөл садан, найз нөхдөө цуглуулаагүй.
2014 оны нэгдүгээр сарын 1-ээс 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд сайд, төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр салбарын хэмжээнд өөрийн хүсэлтээр 8, суралцахаар 4, тэтгэвэрт гарсан 3, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр 29, өөр байгууллагад шилжсэн 7, гэрээт ажилтны гэрээ нь дууссан 9, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоон дээр түр ажилуулж байсан 5 хүн чөлөөлөгдсөн. Эдгээрийн 20 нь өмнөх удирдлагуудын үед гаргасан шийдвэрээр чөлөөлөгдсөн болно. Энэ бужигнаан өмнө нь байсан.
2015 оны Төсвийн тухай хуулиар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Усны сав газруудын бүтэц орон тоог 23-аар цөөрүүлж, 208 албан хаагчтай байхаар цалингийн санг баталсан. Тиймээс орон нутагт ажиллаж байгаа сав газруудын ажлын нягтрал, ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс 29 сав газрыг 26 сав газар болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Энэ өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн 14 албан хаагчдаас 8 хүнийг өөрсдийнх нь хүсэлтээр тухайн орон нутагт нь асуудал хариуцсан мэргэжилтнээр эргүүлэн томилж ажиллуулж байгаа” гэв.
Түр орлон гүйцэтгэгч нар сонгон шалгаруулалтад орох эрх нь нээлттэй
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг “Миний бие 2014 оны 12 сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн сайдаар томилогдон ирэхэд Хөдөлмөрийн яамны 12 газар, хэлтсийн дарга, Нийслэлийн хөдөлмөрийн газар, аймаг дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн 31 дарга, зарим МСҮТ, Политехникийн коллежийн 29 захирал бүгд “Түр орлон гүйцэтгэгч”-ээр ажиллаж байсан. Учир нь Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж албан ёсоор томилогдоогүйгээс дээрх албан тушаалтнууд жинхэн албан тушаалтан болох боломжгүй байжээ.
Сайдаар томилогдсоноос хойш өнөөдрийг Хөдөлмөрийн яамны бүтцийг Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолын дагуу 100 орон тоотой, 6 газар, 4 хэлтэстэй болгосон. Яамны төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг явуулж, энэ албанд томилогдсон хүний ажлыг албан ёсны болгосон. Газар, хэлтсийн дарга нарыг 100 хувь төрийн жинхэнэ албан хаагчаас сонгон шалгаруулж бүрдүүлсэн.
Хөдөлмөрийн сайдын хувьд нэг ч хүнийг төрийн албанаас хууль бусаар ажлаас халаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин төрийн албаны хууль тогтоомж, Засгийн газрын холбогдох журмыг үндэслэн Нийслэлийн хөдөлмөрийн газар, аймаг дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргигй түр орлон гүйцэтгэгч, зарим МСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй түр орлон гүйцэтгэгчийг томилох журмын дагуу, хэлтсийн даргыг сонгон шалгаруулалтаар томилогдох хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчаар тор орлон гүйцэтгүүлэх тухай тушаал гаргасан.
Нийслэлийн хөдөлмөрийн газар, аймаг дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарын сонгон шалгаруулалтыг ирэх тавдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд явуулна. МСҮТ, Политехникийн коллежийн захирлын сонгон шалгаруулалт ирэх тавдугаар сарын 9, 10-нд болно. Чөлөөлөгдсөн түр орлон гүйцэтгэгч нар сонгон шалгаруулалтад орох эрх нь нээлттэй байгаа. Сонгон шалгаруулалтыг үндэслэн дарга, захирлыг томилж, хөдөлмөрийн салбарт байсаар ужгирсан хуулийн зөрчлийг арилгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажилласан” гэлээ.
Би ажлаа аваад нэг ч эмнэлгийн даргыг өөрчлөөгүй
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “2014 оны 12 сарын 04-ний өдөр УИХ-аар батлагдсан “Засгийн газрын бүтцийн тухай” хуулиар эрүүл мэндийн яамны үндсэн чиг үүрэг өргөжиж, “Эрүүл мэнд спортын яам” шинээр байгуулагдсан. Соёл, спорт аялал жуулчлалын яам татан буугдаж, тус яаманд бодлого зангидаж байсан Нийтийн биеийн тамир, спортын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг шинээр байгуулагдсан ЭМСЯ-д шилжиж ирснээр яамны чиг үүрэг өөрчлөгдөж, бүтэц зохион байгуулалтад нилээн хэмжээний өөрчлөлт орох үндэс болсон.
Бид засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 382 дугаар тогтоолоор батлагдсан бүтцийн хүрээнд яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг байгуулсан. Өмнөх эрүүл мэндлийн яам 4 газар, 8 хэлтэстэй, 118 оронтой байсныг шинэ бүтцээр 5 газар 4 хэлтэстэй болгосон.
Өргөдлийн байнгын хороонд ирсэн 11 өргөдөл бол төрийн албан хаагч хууль бусаар чөлөөлөгдсөнтэй холбоотой өргөдөл биш. Эмчилгээний чанар, тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй хагалгааг гадаад улсад хийлгэх тухай өргөдлүүд байгаа. Энэ асуудал үүсгээд байгаа зүйл бол Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудал. Өмнө нь хоёр Төрийн нарийн бичгийн даргатай байсан. Хатанбаатар гурван шатны шүүхээр яваад үндэслэлгүйгээр халагдсан гэсэн шийдвэртэй. Эрдэнэтуяагийн хувьд өмнө нь хашиж байгаагүй буюу ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн албан тушаалд эргүүлэн томилох шийдвэрийг шүүхээс гаргуулсан. Өөрөөр хэлбэл, нэг ажлын байранд хоёр хүнийг томилох шийдвэрийг шүүхээс гаргасан.
Төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгэх албыг 26 жил тасралтгүй ажилласан хүнийг ажиллуулж байгаа. Одоо сонгон шалгаруулалт төлөвлөгдсөн байтал шүүхийн асуудал сөхөгдөж асуудал хойшлоод байна. Би ажлаа аваад нэг ч эмнэлгийн даргыг өөрчлөөгүй. Шүүхэд хандсан нэг хоёр хүний асуудлын хариуцагч нь Засгийн газар. Төрийн ажилд улстөрийн өнцгөөс биш мэргэжлийн баг, уламжлалыг хэвээр үргэлжлүүлэх, удирдах ажлын туршлагатай хүмүүсийн тусламжтайгаар энэ салбарын ажлыг авч явж байгаа.
Эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулах чиг үүрэг дээр нийтийн биеийн тамир, сдортын бодлого боловсруулах чиг үүрэг нэмэгдэж ирснээр бүх газар хэлтсүүдийн чиг үүрэг, ажлын бйарын тодорхойлолт өөрчлөгдсөн. Тухайлбал, Эрүүл мэндийн болон нийтийн биеийн тамир, спортын гэсэн бодлогын хэрэгжилтийг зохицуулах 2 үндсэн газартай болсон зэрэг өөрчлөлтүүд хийгдсэн.
Засгийн газрын 2015 оны төсөв батлагдахад яамны орон тоог 101 хүнтэй байхаар батлагдсан тул орон тоог тодорхой хэмжээгээо цомхотгох шаардлага мөн гарсан. Яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гйүцэтгэгчийг засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1 дэх заалтыг үндэслэн томилж ажил үүргийг гүйцэтгүүлж байна.
Батлагдсан бүтэц орон тооны хязгаартаа багтаан төрийн албаны тухай хуулийн 27.2.3, Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30–ны өдрийн “Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийг батлах тухай” 402 дугаар тогтоолыг үндэслэн яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн чиг үүргийн дагуу албан хаагчдыг мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчдыг ажлын байранд байршуулан томилсон.
Яамны газар, хэлтсийн дарга нар одоогоор үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. ТНБД-ыг жинхлэх асуудал шийдэгдэж, Төрийн албаны салбар зөвлөл эрх зүйн чадамжтай болсны дараа үүрэг гүйцэтгэгч газар хэлтсийн дарга нарын ажлын байрны асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх болно. Яамны хувьд төрийн жинхэнэ албан хаагчдыг ажлаас үндэслэлгүй халсан тохиолдол байхгүй. Шүүхээс албан ёсоор ажилд эргүүлж томилохоор шийдвэр гарсан асуудал одоогоор байхгүй. Бүтцийн өөрчлөлт, орон тооны цомхотголтой холбоотойгоор ажлаас чөлөөлөгдсөн 10 албан хаагч бий.
Эдгээр төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл 27.2.4 –т заасны дагуу 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгогдсон. Мөн өндөр насны тэтгэвэрт гарсан, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжсэн нийт 17 хүн байна. Харъяа 21 байгууллалагын дарга, захирлуудтай 2015 оны үр дүнгийн гэрээг үргэлжлүүлэн байгуулж хамтран ажиллаж байна.
Миний бие сайдаар томилогдсоноос хойш төрийн залгамж чанарыг хадгалж, мэдлэг боловсролтой, ажлын туршлага, төрийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн баг хамт олон, байгууллагын бий болгосон үнэт зүйл, тогтсон олон сайхан уламжлалыг цааш хэвээр үргэлжлүүлэх, үүний дотор салбарын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй удирдах ажлын туршлагатай эмнэлгийн удидлагууд, захирлууд нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөө, туслалцаатайгаар хамтын хүчээр энэ салбарын тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийг хичээн ажиллаж байгааг та бүхэнд хэлэхийг хүсч байна" гэлээ.
Засгийн газрын гишүүд ийнхүү тайлбар хийсний дараа УИХ-ын гишүүд тэднээс асуулт асууж хариулт авсан юм.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаа халсан шалтгаанаар төр долоон найман тэрбум төгрөг төлөх шаардлагатай болсон уу. Хэрвээ тийм бол энэ буцаан төлөгдөх боломжтой юу?
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Төрийн албаны бүтцийн өөрчлөлтийн хүрээнд төсөвт таван тэрбум орчим төгрөг тусгаад явж байгаа. Сангийн яам ямар ч асуудал дээр зөвхөн УИХ-аас батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Бидний өнөөдрийн энэ ярьж байгаа асуудал мөнхийн сэдэв. О.Баасанхүү гишүүний яриад байгаа 2.5 тэрбум төгрөгийг ажлаас үндэслэлгүй халсан иргэдэд төр төлөхөөр болсон. Угаасаа Төрийн албаны хуулиндаа төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг төр харицдаг. 2012, 2013 онд гаргасан буруутай шийдвэрийн хохирол 2.5 тэрбум. Өнөөдрийн гаргаад байгаа шийдвэр биш. Цаашдаа 5.3 тэрбум төгрөгийн зарлага гаргана.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Д.Оюунхорол сайд Багануурт байсан усны сав газрыг шилжүүлж Хэнтий аймагт байгуулсан. Даргаар нь Жадамбаа гэдэг хүнийг томилсон байгаа. Жадамбаа гэдэг хүн өмнө нь 8-10 жил сумын Засаг дарга хийж байсан МАН-ын гишүүн. Улс төрийн албан тушаал хашиж байсан. Энэ хүн төрийн албан хаагч мөн үү. Яагаад энэ хүнийг томилсон бэ?
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол: Өргөдлийн байнгын хороог илүү ухаалаг тогтолцоог ярих байх гэж бодсон чинь өөр улстөр хийж байгаа юм байна. ТАЗ тайлангаа өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлсэн. 2012 оны сонгуулиас хойш Монголын улс төрд бий болсон шинэ үзэгдлийн талаар бид дүгнэлт хийн ярих шаардлагатай байсан байж магадгүй. Өөрөөр хэлбэл 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын оролцоогүйгээр Монгол Улсын бүтэц, зохион байгуулалт, төрийн ажил явсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Халаа сэлгээ хийсэн асуудал чинь биднээс эхлэлтэй биш.
Бид хууль зөрчсөн ямар ч асуудал хийгээгүй. Хэнтий аймгийн иргэд Хэрлэн голын сав газрыг аймагтаа байгуулж өгөхийг хүссэн. Өмнөх сайдын үед улс төрийн шийдвэрээр Багануур дүүрэгт байгуулагдсан юм билээ. Хэнтий аймгийн засаг дарга АН-ын хүн. Хэрлэн голын сав газрыг орон нутагт нь байгуулж өгөх хүсэлт тавьсан. Тиймээс л энэ асуудлыг шийдсэн.
Засаг дарга гэдэг нэг талаас улс төрийн албан тушаалтан нөгөө талаас төрийн албан хаагч мөн. Тиймээс ажлын дадлага туршлагатай, энэ ажлыг хийж чадах чадвартай гэж үзэн Багануур сумын даргыг томилсон. Үүнд хууль зөрчсөн ямар ч зүйл байхгүй.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: С.Чинзориг сайд та гудамжнаас хүмүүс авч ирж хоёр жил ажиллуулсан гэж хэлсэн. Үүнийгээ баталж чадах уу. Түр орлон гүйцэтгэгчийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол дараагийн түр орлон гүйцэтгэгч хууль ёсных болж чадах уу?
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг: Гишүүд асуудалд битгий улс төрийн өнцгөөс хандаач ээ гэдгийг хэлмээр байна. Ер нь бидэнд асуудал байна уу гэвэл байна. Төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал байна. Харин үүнийгээ зөв оношлох талд анхаарал хандуулах ёстой. Б.Гарамгайбаатар гишүүний асуултад хариулахад би гудамжны гэдэг үг ерөөсөө хэлээгүй. Үг мушгиж байгаа нь харамсалтай байна.
Засгийн газар 2012 оны есдүгээр сард түр орлон гүйцэтгэгчийг томилох журамд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ иргэнийг томилж болно гэсэн өөрчлөлт оруулсан. Үүний үндэслэлээр томилсон байдаг. Харин 2013 онд үүнийгээ хүчингүй болгосон байгаа юм. Тиймээс түр орлон гүйцэтгэгч чинь хууль бус болчихоод байгаа юм. Тэгэхээр надад ямар боломж үлдсэн гэхээр 2011 онд баталсан 62 дугаар тогтоолын дагуу шийдвэрээ гаргасан. Мөн түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо улстөржөөгүй. Хэлтэс дотроо хамгийн олон жил ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчыг томилсон. Тэгэхээр би ямар ч хууль зөрчөөгүй.
Гомдол гаргасан хүмүүсийн буруу биш. МСҮТ-ийн захирлыг сонгон шалгаруулалтын дагуу томилох ёстой. Тиймээс холбогдох хуулийн дагуу чөлөөлөөд сургуулийн захирлуудыг томилж ажилласан. Есөн захирал нь түр томилгоотой биш байсан учраас үлдээсэн, одоо ажлаа хийж байгаа. 14 хүн МСҮТ-д ажиллах хүсэлт гаргасны дагуу ажлын байраар хангах чиглэл өгөөд явж байна” гэв.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Төрийн албан хаагчдын тоо 2011 онд 148 мянга байсан бол 2013 онд 183 мянга болж нэмэгдсэн. 2012-2013 онд 80 мянган хүн шинээр төрийн албанд ажилд орсон. Энэ үед байнгын хороо, ТАЗ юу хийж байсан юм. Ер нь бол 1996 оноос буюу Ардчилсан нам төрийн эрх барьсан цагаас төрийн албаны халаа сэлгээ эхлэлтэй.
“Шударга ёс” эвсэлийн бүлгийн дарга Н.Батцэрэг: “Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн явдал их зовлонтой. Гол хэдэн намуудын өрсөлдөөн, зарим тохиолдолд тэрсэлдээн дунд төрөө үгүй хийчих шахаж байна. Аль нэг намыг нь чичлээд байх асуудал биш. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг сүүлийн хэдэн сонгуулиар ийм л зүйл болж байгаа. Төрийн албаны зөвлөлийн гаргаж байгаа дүгнэлтээр төрийн албаны халаа сэлгээ үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрсэн.
Тус сонсголын үеэр төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсан хэмээн өргөдөл гаргасан иргэдийн төлөөлөл болсон гурван хүн хаанаас халагдсан гэдгээ таниллцуулсан юм. Энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд төрийн албан хаагчийн буруутай шийдвэрээс учирсан хохирлыг төр хариуцдаг хуулийн төслийг өөрчлөх нь зүйтэй гэж гишүүд үзэж буйгаа илэрхийллээ. Учир нь шинээр томилогдсон сайд, дарга ямар ч хариуцлага хүлээдэггүй учраас хариуцсан байгууллагынхаа албан тушаалтныг халж, өөрийн талын хүнээ томилдог байдал нь хэрээс хэтэрч байгаад санал нэгдсэн юм.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ