Ж.Батзандан: Намаараа талцаж, хуваагддагаа больё

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос төрийн жинхэнэ алба хаагчдыг үндэслэлгүйгээр халсан асуудлаар холбогдох яам, талуудыг оролцуулсан Нээлттэй сонсгол хийлээ. Нээлттэй сонсголд Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, Төрийн албаны зөвлөл, иргэдийн төлөөлөл оролцов.
Нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халсан асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Тэрбээр хэлэхдээ “Ажлаас халагдсан иргэдийг төлөөлөн ирсэн хүмүүс өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаад талархаж байна. Манайд байдаг нэг том асуудал бол ерөөсөө буруутан нь олдоггүй. Мөн төрийн албанд намчирхах үзэл маш их байдаг. Энэ хэлэлцүүлгийн гол учир нь намаараа талцаж, хуваагддагаа больё гэдэг л зарчим юм.
С.Чинзориг сайдын хувьд өмнөх сайдынхаа алдааг засч, залруулсан гэх шиг боллоо. Үүнд халагдсан, чөлөөлөгдсөн хүмүүс өөр тайлбар хэллээ. Мөн С.Баярцогт хэлэхдээ сайд нар томилгоо хийдэггүй гэв. Гэхдээ яг үнэндээ бодит байдал дээр цэвэрлэгчээ томилохдоо хүртэл сайд нар оролцоод л явж байна. Тиймээс бодит байдлыг олж хараарай. Цаашид хэн хэн нь алдаагаа засч, шаардлагаа биелүүлээрэй” гэв.
Түүний хариултанд Хөдөлмөрийн сайд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг өөрчлөхдөө Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг салбарын сайд томилохоор заасан. Энэ дагуу Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг бөөнөөр нь томилсон байдаг. Харамсалтай нь, түр орлон гүйцэтгэгчээр томилж болно гэснийг Үндсэн хууль зөрчсөн гэх маргаан гарсан. Хоёр жил хууль бус томилгоотой явж ирсэн. Би хууль зөрчөөгүй, тухайн үеийн Засгийн газар, Төрийн албаны зөвлөл буруутай” хэмээн хариулсан юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ