С.Бямбацогт: Шүүх хурал болох гээд байгаа юм уу

Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тухай асуудлаар өнөөдөр Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд хэлэлцүүлэг өрнөсөн. Нээлттэй сонсголын эхэнд УИХ-ын гишүүд Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд хурал даргалах боломж олгохгүй бухимдлаа илэрхийлж багагүй цагийг өнгөрөөсөн юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: “Төрийн албан хаагчийг хууль бусаар, үндэслэлгүйгээр ажлаас халсан асуудлыг хэлэлцэх гэж байгааг ойлгож байна. Гэхдээ энэ танхим таалагдахгүй байна. Шүүх хурал болох гээд байгаа юм уу. Эвгүй харагдаж байна. Бид иргэдийнхээ дунд байх ёстой. УИХ-ын гишүүд шүүгч шиг харагдаад байна. Яагаад Төрийн ордны А,Б танхимын аль нэгэнд хийж болоогүй юм”.
Су.Батболд гишүүн: “Өргөдлийн байнгын хороо төрийн хуулийг хэрэгжилтэд анхаарал хандуулдаг. Гэхдээ Нээлттэй сонсгол гэдэг байцаалт биш”.
Д.Хаянхярваа гишүүн: Төрийн албан хаагчийн халаа сэлгээний асуудал Засгийн газрын бүх сайд нартай холбоотой. Гэтэл энэ танхимд чинь МАН-ын сайд нар багтдаг танхим юм уу хэмээн бухимдлаа илэрхийлсэн.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Энэ асуудал даргын зөвлөлөөр яригдсан” гэсэн бол УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Нээлтэй сонсголыг энэ танхимд ингэж хийж байгаа нь шинэ үзэгдэл. УИХ-ын Тамгын газраас энэ ажлыг зохион байгуулсан юм” хэмэээн хариулт өгсөн.
Нээлттэй сонсголын үеэр мөрдөх дэгийг танилцуулсан нь мөн л гишүүдийн бухимдлыг дэврээж, асуултад 2 минутад багтаж хариулах боломжгүй байна. Мэдээллээ гүйцэт өгөхгүй бол энэ сонсгол үр дүнгүй хэмээн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын уурлуулж орхисон. Харин УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Өргөдлийн байнгын хорооны хурлын дэг”-т зааснаар л явж байна. Нэгнийгээ ажлаа хийж байхад нь битгий ингэж бай л даа хэмээн бүлгийн нөхрөө хамгаалахыг оролдож байлаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ