Ухсан нүхнээс эхэлсэн асуудал

Барилга баригддаг бас асуудал дагуулдаг цаг эхэллээ. Хаврын өдий үеэс намрын сэрүүн ортол барилгын болох, болохгүйг ярьж бичих, хянаж шалгах нь идэвхжинэ.
Хэдхэн хоногийн өмнө БГД-ийн 15 дугаар хорооны 16 дугаар байрны хажууд Би Жи Би Жи компани барилгын суурийн нүх ухахдаа зөвшөөрөгдсөн талбай хэтрүүлснээс асуудал үүсэв. Одоо ч цэгцрээгүй, тус байранд амьдарч байсан 213 хүн зочид буудал, хамаатан садныдаа толгой хоргодож байна. Энд хүний аюулгүй орчинд амьдрах эрхээс эхлээд хуулийн дагуу ажиллаагүй хувийн компани, холбогдох төрийн байгууллагын хариуцлага гээд олон зүйл яригдах болохоор хойш тавъя.
Харин ийм асуудал үүссэний дараа, дахин энэ асуудал гарахаас сэрэмжилж нийслэлийн хэмжээнд явагдаж буй барилгын болон газар шорооны ажилд шалгалт хийж, зөрчил илрүүлэн 22.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Өнгөрсөн 2014 оны намраас энэ оны эхний улиралд барилгын ажил эхлүүлсэн барилгуудыг шалгахад нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 9, иргэн, аж ахуй нэгжийн 24 барилгад 33 зөрчил илэрчээ. Тэдний 8 нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй барилга барьж эхэлсэн бол 16-ынх нь барилгын зураг төсөл батлагдаагүй байсан аж. Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 7, БЗД-т 9, СБД-т 2, ЧД-т 1 барилгын ажил эхлүүлсэн нь зөрчилтэй байжээ.
Иргэн, аж ахуй нэгжүүд дүүргийн эсвэл нийслэлийн Засаг даргын захирамжтай л бол архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл зэргийг хамаарахгүй өөрийн эзэмшил газартаа дур мэдэн барилга барьж эхэлдэг байна. Ийм зөрчил олон гарчээ. Гэтэл нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга бүр зураг төслийн даалгавартай, тэр нь батлагдсан байх ёстой аж. Үүнийг иргэн, аж ахуй нэгжүүд тэр бүр мэддэггүй, нэг нь биелүүлээгүйгээс зөрчил үүсдэг.
Барилгын зураг төслийн даалгавар зөвшөөрөл олгоогүй байтал барилга барьж эхэлдэг зоргоороо нөхөд ч байна. Өөрөөр хэлбэл барилгын зураг төслийн даалгавар зөвшөөрөл авах хүсэлтээ нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хүргүүлээд, тодорхой шалтгааныг улмаас зөвшөөрөл олгоогүй байхад барилгын ажлаа эхлүүлж, санаатайгаар хууль зөрчдөг гэсэн үг. Тухайлбал, БЗД-т “Эм Ай Ю” олон улсын сургууль нийслэлийн Засаг даргын 2011 оны шийдвэртэй эдэлбэр газар буюу сургуулийн барилга барихыг хүссэн ч дулааны шугамын хамгаалалтын зурвас руу орсон учир зөвшөөрөл өгөх боломжгүй гэсэн хариу өгчээ. Гэвч барилгын ажлаа эхлүүлэхээр суурийн нүхийг дур мэдэн ухсан байж.
Мөн барилгын тавилт буюу хоорондын зайг хэт ойртуулсан учраас хүсэлт нь зөвшөөрөгдөөгүй “Эко констракшн”, өндөр хүчдэлийн шугамын дор байрлаж байгаагаас зөвшөөрөл авч чадаагүй “Форворд моторс” зэрэг аж ахуй нэгж хууль журмыг санаатайгаар зөрчиж, барилга угсралтын ажил эхлүүлээд байсныг НЕТГ-ын газрын дарга Н.Нацагдорж мэдээлсэн.
Улаанбаатараас зөрчилгүй барилга олдохгүй
Үүнээс гадна барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байж барилгын ажлаа эхлүүлсэн зөрчлийг ч нэлээдгүй илрүүлжээ. Эдгээр зөрчил илэрсэн иргэн, аж ахуй нэгжүүдийг зөрчлөө арилгахыг сануулж, зарим барилгын дулаан, цахилгааныг хангахгүй байх, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, зураггүй, зөшөөрөлгүй барилгуудын газрыг эрхийг цуцлах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.
НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга барилгын зөрчлийн тоо буурахгүй байгаа шалтгааныг төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох, хамтран ажиллах уялдаа холбоо хангалтгүй байгаатай холбон тайлбарласан. Түүний хэлснээр урин дулаан цагт амжиж барилгын ажлаа явуулах гэж хэт яарснаас хууль, журам зөрчих, алдаа эндэгдэл гаргах нь байдаг гэнэ.
Харин НЕТГ-ын газрын дарга Н.Нацагдорж, нийслэлд мөрдөгдөж байгаа барилгын норм, дүрмийг яаралтай шийдэхгүй бол барилгын зөрчлийн асуудал шийдэгдэхгүй. Одоогийн нөхцөл байдалд тааруулан шинэчлэх хэрэгтэйг онцолж байсан. Улаанбаатар хотод барилга баригдах стандартын дагуу барилга баривал унтлагын өрөөнд ариун цэврийн өрөө байх учиргүй аж. Тэгэхээр одоо цагийн нэг өрөө байрууд бүгд энэ стандартыг зөрчсөн болж таарч байна. Хуучирчээ. Гэхдээ Барилга хот байгуулалтын сайд, нийслэлийн холбогдох албан тушаалтнууд хамтран нэн даруй энэ стандартыг шинэчлэхээр ажиллаж буйг нийслэлийн Засаг дарга дуулгасан.
Асуудал дагуулсан бас нэг нүх
Барилгын суурь тавихаар нүх ухсан нь иргэдийн аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдол гарлаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид газар шорооны ажил эхлүүлсэн буюу барилгын суурийн нүх ухсан 8 байршлыг шалгажээ. 16 дугаар байрных шиг асуудал үүсгэхээс урьдчилан сэргийлж. Шалгалтын явцад ойр орчмынх нь зам, барилгад нөлөөлөх, аюул дагуулж болзошгүй газрууд байжээ.
ЧД-ийн 6 дугаар хороо Дипломат ажилчдын байрны хойд тал буюу ОБЕГ-ын баруун хойно ухаад олон жил болсон 44.3х17.6 метрийн хэмжээтэй, 2 метрийн гүнтэй нүх. Үүний улмаас авто замд цөмрөлт өгч болзошгүйг НОБГ, ЧД-ийн ОБХ-т мэдэгджээ.
БЗД-ийн 25 дугаар хороо Ойн гудамж 69 дүгээр байрны урд 25х28 метрийн хэмжээтэй, 2.5-3 метрийн гүнтэй нүх ухжээ. Анх архитектур төлөвлөлийн даалгавраар олгосон хэмжээ нь 18х15 метр аж. Гэвч хааш хаашаа 7 метр хэтрүүлж ухснаас нуралт үүсэх магадлалтай тул бэхлэлт хийх шаардлагатай гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэсэн байна.
Мөн ХУД-ын 15 дугаар хороонд Солонгос элчингийн шинэ барилга болон Эс эс клубын баруун талд, БЗД-ийн 3 дугаар хороонд Их Британийн элчин сайдын яамны хажууд ингэж ухсан нүх байгааг шалгаж мэргэжлийн хяналтын байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлжээ.
Барилгын улирал эхлэх цагаар Би Жи Би Жи-гийн тарьсан асуудал томоохон сургамж боллоо. Холбогдох албаныхан хүний амь эрсдэж, хууль цагдаа болохоос өмнө, хундаам цутгаж, тоосго өрж эхлэхээс нь урьд барилгын ажилд анхаарч эхлэв. Ниргэсэн хойно нь хашгирахгүйн тулд ингэх хэрэгтэй.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ