Чөлөөлөгдсөн охидын ихэнх нь хүчирхийлэлд өртжээ

Нигерийн армийнхан хэт даврагч “Боко харам” бүлэглэлийн барьцаанд байсан 215 охин, 20-40 насны 98 эмэгтэйг чөлөөлж, аюулгүй газар байршуулсан юм. Цагдаа нар дээрх хүмүүсийг таних ажиллагааг эхлүүлсэн байна. Эмч нар охид, эмэгтэйчүүдэд нарийн шинжилгээ хийхэд тэдний 80 хувь нь хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон гэж Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Мөн тус бүлэглэлийн хуарангаас 40 гаруй цогцос илрүүлжээ. Эдгээр цогцсын бүгдийнх нь эрхтэнг авсан байжээ. “Боко Харам” бүлэглэл санхүүгийн эх үүсвэрээ хүний наймаа, эд эрхтэний наймаанаас олдог юм.
Армийнхан Камерун болон Чад улстай хамтарч “Боко Харам” бүлэглэлийн дөрвөн хуаран байрлах Самбиса ойд гэнэтийн дайралт хийж, барьцааны иргэд болон зэвсгийн агуулахыг нь бүсэлсэн билээ. Чөлөөлөгдсөн охид, эмэгтэйчүүдийн дунд өнгөрсөн оны долоодугаар сард сураггүй алга болсон Борно мужийн охидын сургуулийн сурагчид байхгүй гэдгийг мэдэгдэв. Тэдний байршлыг тогтоохоор ажиллаж эхэлсэн гэж Ерөнхийлөгч Мухаммеду Бахаригийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ