Гайхамшиг үргэлжилсээр...

img

Тавантолгойн нүүрсээ ухаж  зараад эдийн засгаа  аврах монголчуудын төлөвлөгөө гайхамшгаар  үргэлжилсээр. Өнгөрсөнд, одоо болж буй үйл явдлуудыг дүгнэхэд яг таарч байгаа учир кино театрын сурталчилгааны үгийг ашиглачихлаа. Тавантолгой хэмээх онц сонирхолтой, олон үзэгдэлт цуврал ерөнхийдөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ард түмэндээ хандан  хэлсэн үгээр эхэлсэн билээ. Цаашдын өрнөл нь спикерийн жиргээ байж оргил хэсэг нь өчигдөр байгуулагдсан ажлын хэсгийнхний тухай яриа хөөрөөгөөр үргэлжилж байна. Уг нь Ерөнхий сайдын маань хэлснээр бид Тавантолгойнхоо учрыг олчихвол улсын төсөвт энэ ондоо гэхэд 200 сая ам.доллар орж ирнэ гэж байлаа. Мөнгөний барааг ховорхон харах болсон энэ үед чихэнд чимэгтэй сонсогдож байв. Харин одоо бол Тавантолгой гэдэг ордоо яг яах гээд байгааг жирийн иргэд байтугай мэдээлэлд хамгийн ойр  гэгддэг сэтгүүлчид, УИХ-ын зарим гишүүн нь өөрсдөө ч ойлгохоо байжээ. Хөрөнгө оруулагчдаа дуудсан, хөөж  явуулсан, дотроо бужиганасан үйл явдлуудын үргэлжлэл  болох “Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ” гэх албан нэршилтэй ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахлахаар болсон нь өчигдрийн топ сэдэв  байлаа. “Ахлагч нь Л.Эрдэнэчимэг байхдаа ч яахав дээ, ажлын хэсгийнхэн гэж мөрөөдлийн баг” байна гэх мэтээр цахим сүлжээгээр тэд нэлээд баалуулах шиг болов.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлбэл явахгүй гэдгийг хэлж  байсан нь үнэн болж таарлаа. Ер нь бол АН доторх амбиц ихтэй бүлэглэлүүд, УИХ-ын даргаас эхлээд  Тавантолгойг түр харзнах сонирхолтой байгаа нь ил боллоо. Бид Тавантолгойгоо долоо хэмжиж, нэг огтлох ёстой боловч хэт их хэрүүл, талцал нь хөрөнгө оруулагчдыг бараг айлгаж байгаа болов уу. Тавантолгойн тухай гайхамшиг үргэлжилсээр байна. Хэзээ дуусахыг хэн ч таашгүй.

 

Ө.БАТХҮҮ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Enhbold ogtsor
2015-05-01