6 аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2015-04-30

Өнөөдрийн байдлаар зургаан аймгийн нутагт гарсан хээрийн түймрийн зургааг цурамд оруулж, хоёр түймрийг унтраахаар ажиллаж онцгой байдлын алба хаагч, нутгийн иргэд ажиллаж байна.  Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн нутаг “Хайчин” гэдэг газар гарсан түймрийг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч, сумын иргэн нийт 66 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж  байгаа юм.

 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Дармын шанд” гэдэг газар гарсан түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын албан хаагч, орон нутгийн иргэд ажиллаж байна. Асаж буй түймэр нь Дорнод аймгийн Булган сумаас орж ирсэн гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.

 

Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн нутаг “Дэлгэр нуур” гэдэг газрын хүлрийн цурамнаас гарсан хээрийн түймэр “Харзын үзүүр” гэдэг газраар орж ирснийг онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэд нийлсэн 54 хүн  ажиллаж, цурамд оруулаад байгаа аж. Мөн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирж Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумын нутагт тархан шатсныг 11 хоногийн дараа цурамд оруулсан. Цурмыг бүрэн унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч, сум, орон нутгийн иргэд ажиллаж байна. Түймрийн голомтод ажилласан Онцгой байдлын албаны бусад бүлгүүд өчигдөр буусан юм.

 

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирснийг тус аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай анги, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хилийн цэргийн 0275, 0132 дугаар анги, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, сум, орон нутгийн иргэд хамтран 2015.04.25-ны өдөр болон 2015.04.29-ний өдрүүдэд тус тус цурамд оруулсан. Одоо 86 хүн цурмыг бүрэн унтраахаар ажиллаж байна.

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг, Хилийн цэргийн Минжийн заставын хариуцсан Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас орж ирсэн хээрийн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар Аврах тусгай ангийн 10 албан хаагч, Хилийн Минжийн заставын 3 албан хаагч, нийт 13 хүн ажиллаж байна.

 

Түүнчлэн Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг, Сагил сумын Баянзүрх багийн нутаг “Мөстийн-Эхэн” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсныг онцгой байдлын албан хаагч, нутгийн иргэд цурамд оруулжээ. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн түймэр гарсныг аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, орон нутгийн 80 иргэн, нийт 84 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цурамд оруулаад байгаа аж.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин