Тэтгэврийн насыг нэмэхгүй

“Сайдын цаг”-ийн ээлжит мэдээлэлд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцлоо. Тэрбээр:
-Хүн амын 35 хувийг эзэлдэг 1 сая орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгож ирлээ. Өнөөдөр сар бүр 20 мянган төгрөг олгож байгаа. Энэ мөнгө хүүхдийн нэрийн данс руу шууд шилжин орж байна. 2014 оны байдлаар хүүхдийн мөнгөнд 228.9 тэрбум төгрөгийг зарцуулсан дүнтэй байгаа. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг нь 1990-2000 оны хооронд ажилласан жилээ нөхөн тооцож, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох ажил амжилттай явагдлаа. Үүнд 567 мянган иргэн хамрагдаад 436 мянган иргэн баталгаажуулалтын хуудас авсан. Ажилласан жилээ нөхөн тооцуулснаар 24 мянган иргэн Тэтгэврийн даатгалын шимтгэл дээр нэмэгдэж орж ирсэн. Харин халамжийн тэтгэвэр авагчдын тоо буурсан. Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хууль батлагдсан. Хууль ирэх долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Эрүүл мэндийн даатгалыг шинэчлэх нь гол асуудал байсан. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох хүрээнд нийт өрхийн 86 хувийг хамруулсан судалгаа явуулсан. Энэ хууль даатгуулагчийг дээдэлсэн хууль болсон. Төрийн тусламжийг авах ёстой эзэнд нь хүргэхийг зорьсон.
Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого батлагдсан. Хүн амын хөгжлийн чиглэлээр явуулдаг төрийн бодлого дутуу байсан. Аливаа ажлууд иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын оролцоотой явагддаг байсан бол анх удаа төрийн бодлогын хүрээнд явагдаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Мөн хамтын тэтгэврийн тухай хууль өргөн баригдсан. Энэ хууль батлагдсанаар ахмад настны нийгмийн асуудлыг шийдэх чухал хууль болох юм. Ахмад настны амьжиргааны асуудал бүрэн хангагдаагүй байна. Гэхдээ төрийн хэмжээнд тодорхой ажил хэрэгжүүлсээр ирлээ. 500 мянга хүртэл төгрөгтэй тэтгэврийн хэмжээг 22 мянгаар, түүнээс дээш тэтгэврийн хэмжээг 20 мянгаар тус тус тогтоон хэрэгжүүлж байна гэсэн юм.
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын баримт бичиг боловсруулж байгаа. Тэтгэврийн насыг 60, 65 болгох гэсэн яриа байгаа. Салбарын сайд үүнийг үгүйсгэсэн юм. Тэрбээр “тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тухай яриа явагдаагүй, санал ч гараагүй. Дундаж наслалт ихсэж байгаатай холбоотойгоор тэтгэврийн насыг эмэгтэй 58, эрэгтэй 62 болгох боломж байгаа эсэх талаар судалгаа явуулах талаар тусгасан” гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ