Ц.Шинэбаяр: Надаас өөр сонгуульд нэр дэвших хүн байхгүй
Өнөөдөр Чингисийн талбайд УИХ-ын гишүүн З. Батзандан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний хувьцааны саналыг иргэдээс сонсож, байгаа билээ.
Тэгвэл уг тайван жасгаал, цуглаанд УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр ирж оролцлоо. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Та өнөөдрийн цуглаанд ямар учраас ирж оролцож байгаа вэ. Тавантолгойг тойрсон асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Тавантолгойн гэрээний асуудлаар манай улс төрчид маш олон удаа байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл миний хувьд энэ “Энержи Рерсурс” компанийг яагаад Тавантолгойн ордод оруулахаар болчихов гэдгийг үнэхээр гайхаж байна.
Энэ асуудлыг манай УИХ, Засгийн газрын гишүүд ерөөсөө ярихгүй байна л даа. Манай Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-р зүйл заалтад “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ордыг Төрийн эзэмшил” гэж заасан байдаг.
Гэтэл бодит амьдрал дээр УИХ-ын 27-р тогтоол, Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-р зүйл заалт хэрэгжихгүй байна шүү дээ. Үүнээс болоод “Энержи Рерсурс” компани сүүлийн долоон жилийн хугацаанд 31,7 сая тонн нүүрс олборлож, экспорт хийсэн байна.
Ийм их нүүрс олборлочихоод Төрийн эзэмшлийн хувь тогтоогоогүй учир Төрд ноогдох ноогдол ашгийг завшиж иржээ.
“Баялгын жинхэнэ эзэд” ТББ-ын хийсэн тооцоогоор нийт 300 орчим тэрбум төгрөгийг зувчуулсан байна. Ийм их мөнгө зувчуулсан компанийг яагаад энэ том төсөлд оруулчих ваа? УИХ-д одоо таван нам байна. Тэд яагаад энэ асуудлыг ил гаргаж ярихгүй байгааг ард түмэн бид их гайхаж байна.
-Та эрх баригчдыг лоббидуулсан гэж бодож байгаа юм байна. Тийм үү?
-Яг тэгж ойлгож болохгүй. Эхлээд УИХ-ын гишүүд Монгол Улсын хуулийг биелүүлэхгүй байгаа компанийг яагаад Тавантолгойн төсөлд оруулсан бэ гэдгийг тогтоох хэрэгтэй байна. Энэ бол хамгийн түрүүнд хийх ажил. Дараа нь гэрээний тухай ярилцах ёстой.
-Та гэрээг нь биечлэн үзсэн үү?
- Гурван гэрээг бүгдийг нь үзсэн. Энд нэг зүйл асуумаар байна. Яагаад Засгийн газрын тэргүүн, Монгол Улсын шадар сайд ийм хуурамч гэрээг оруулж ирж байгаа юм бэ. Энэ чинь ард түмнийг хуурч байгаа хууран мэхлэлт шүү дээ.
-Өнөөдөр улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн гэх асуудал сүүлийн үед их яригдах боллоо. Танд энэ асуудал тулгарч байна уу?
-Нөлөөлөлгүй яахав. Монгол улсад эдийн засгийн хямрал болж байгаа нь улс төрчид авилгалд идэгдсэнээс болж байгаа юм. Тавантолгойн ордыг гадаадын том компанид шилжүүллээ гээд улс орон маань эдийн засгийн хямралаас гарахгүй. Үүнийг эрх баригчид, ард түмэн бүгд мэдэж байгаа байх гэж итгэж байна.
Улс төрчид, эрх баригчид авилгалд идэгдсэн асуудлын учрыг нь олох, шударга ёсыг тогтоох гэж УИХ-д суудалгүй намууд хичээнгүйлэн ажиллаж байна.
Гэвч Төрийн ордонд эрх мэдэл барьж цөөн хэдэн хүн , ялангуяа Оюутолгойн гэрээг батлахад идэвхитэй оролцож байсан хүмүүс Тавантолгойн ордыг хувааж идэх гээд “хөлөө хугалах” нь холгүй гүйж байна. Асуудал энд л байна.
Эдийн засгийн хямрал Тавантолгойг ашиглаагүйгээс үүсээгүй. Харин улс төрчид авилгалд идэгдсэн учраас үүссэн.
-Та ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-Дэвшинэ. Монголд надаас өөр УИХ-ын сонгуульд нэр дэвших хүн байхгүй.
-Нууц биш бол хаанаас нэр дэвшихээр төлөвлөж байгаа вэ?
-Сонгуулийн тухай хууль батлагдсан цагт энэ асуултад чинь хариулъя. Би хуулиа дагадаг хүн.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ