Үйлчилгээний ажилтнууд зөвлөлдөж байна

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэнд спортын яамтай хамтран хоёр жил тутамд зохион байгуулж буй “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын III дугаар зөвлөгөөн” өнөөдөр эхэллээ. Зөвлөлгөөнд хот, хөдөөгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнуудын төлөөлөл 21 аймаг, нийслэлийн 320 гаруй төлөөлөгч оролцож байна.
Энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Эрүүл мэндийн салбар гэхээр эмч сувилагч гэх хэдхэн хүнээр төлөөлүүлэн ойлгодог ч эмнэлгийн байгууллагын арын албанд ажилладаг галч, манаач, слесарь, нярав нягтлан, асрагч, эмнэлгийн тогооч, түргэний жолооч нарт тулгамдсан асуудал их байдаг. Тухайлбал эмнэлгийн асрагч, жолооч нарын хувьд ачааны хүндийг үүрдэг ч хамгийн бага цалин авдаг хүмүүс.
Тиймээс энэ салбарын үйлчилгээний ажилчдын цалинг эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалингийн сүлжээнд ойртуулан нэмэгдүүлэх, цалин хөлсийг эрүүл мэндийн салбарын цалингийн ангилал зэрэглэлд хамруулах ёстой. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа тэдний нийгмийн баталгааг хангах асуудалд ялгаваргүй хандах, ажлын орчин нөхцлыг сайжруулах, ажлын тусгай хувцасаар бүрэн хангах шаардлагатай байна.
Өнөөдрийн "Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтаны улсын гуравдугаар зөвлөгөөн"-д салбарынхаа мянга мянган ажилчдыг төлөөлөн хот хөдөөөнөөс хуран цугласан салбарын үйлчилгээний ажилчиддаа Эрүүл мэнд, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэнд хүргэж байна.
Та бүхнийхээ хүч хөдөлмөрийн үнэлэмж, цалин хангамжийг эрүүл мэндийн салбарын цалингийн ангилал зэрэглэлд хамруулах, эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа нийгмийн баталгааг хангах асуудалд ялгаваргүй хандах, ажлын орчин нөхцлийг сайжруулах, зориулалтын ажлын хувцас хэрэглэлээр бүрэн хангах зэрэг нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхээр салбарын сайдын хувьд хичээн ажиллаж байна.
Өнөөдөр эрүүл мэнд спортын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй, удирдан манлайлах ажлын туршлагатай, эмнэлгийн удидлагууд, захирлууд, нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч мэргэжилтнүүд, салбарынхаа ачааны хүндийг нуруудаа үүрч явдаг үйлчилгээний нийт ажилчид та бүхнийхээ дэмжлэгтэйгээр, хамтын хүчээр тулгамдаж буй асуудал бүрээ хамтдаа шийдэхийн төлөө ажиллаж байгаагаа та бүхэнд хэлэхийг хүсч байна” хэмээн мэдэгдсэн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ