Ремба Таманг: Би сохорчихлоо л гэж бодсон

img

 

Балба улсад болсон газар хөдлөлтөөр 6000 гаруй хүн амиа алдаж, өнөөдрийг хүртэл 8000 гаруй хүн сураггүй байна. Амиа алдагсдын тоо нэмэгдэж, 10 мянгад хүрч болзошгүйг тус улсын удирдлагууд сануулаад байгаа. Балбын аврагчид өчигдөр Катманду хотын нэгэн барилгын нуранги дор тав хоносон 15 настай Ремба Таманг хүүг аварч, эмнэлэгт хүргэсэн билээ. Хүүг эмнэлэгт хүргэгдсний дараа “AFP агентлагийн сурвалжлах баг уулзаж, ярилцжээ.

 

-Биеийн байдал хэр байна. Газар хөдлөлт болох үед хаана байсан вэ?

-Нуруу болон хөл минь мэдээгээ алдчихсан бололтой. Огт хөдлөхгүй байна. Гэхдээ бэртсэн ч гэсэн амьд үлдэж, алтан нарыг харж байгаадаа баяртай байна. Амьд үлдэнэ гэдэг гайхалтай хэрэг. Газар хөдлөлт болох тэр үед би гэртээ байсан. Гэнэт л хүмүүсийн орилох чимээ, барилга нурж байгаа чимээ сонсогдсон. Би тэр үед гэрээсээ гарахаар гүйх үед миний дээрээс нэг зүйл нурсан. Одоо бодоход дээвэр байсан бололтой. Тэрнээс өөр зүйл санахгүй байна. Гэнэт сэрэхэд бүх зүйл харанхуй байсан. Өөрийгөө сохорчихлоо л гэж бодсон. Гэтэл хажуу талаас нэг зүйл гялтагнаж байхыг харсан. Ямар их баярласан гээч.  Миний хөлийг нэг зүйл дарсан байсан. Мөн гэдэс дээр том чулуу байсан. Гэнэт тэсэхийн аргагүй өвдөж эхэлсэн.

 

-Та өөрийгөө таван хоног нуранги дор байснаа тэр үед мэдсэн үү?

-Үгүй. 1, 2 хоносон бололтой гэж бодож байсан. Учир нь би тийм ч их өлсөөгүй. 4-5 хоног ус уугаагүй хүн өлсөнө шүү дээ. Гэхдээ би өлсөөгүй. Нэг бол өвдөлтөөсөө болоод өлсөхөө анзаараагүй байх.

 

-Аврагчид таныг нуранги доороос гаргах үед?

-Аврагчид хэдэн метрийн цаанаас ирэхийг би зөн совингоороо мэдсэн. Гэнэт зүрх минь хүчтэй цохилж, “Чимээ гарга. Тэгэхгүй бол чи үхнэ” гэж хэн нэгэн хэлсэн. Би ярьж чадахгүй байсан ч бүх хүчээ дайчилж орилж, хөдөлсөн. Тэр үед нэг аврагч намайг анзаарсан.

 

-Гарч ирээд л таван хоног болсноо мэдсэн үү?

-Намайг эмнэлгийн орон дээр гаргах үед "Бурхан минь энэ хүү ч ус уух хувьтай юм аа. Таван хоног. Бурхан минь төсөөлөхийг нь ч аргагүй” гэсэн. Гэхдээ эмнэлэгт ирээд л итгэсэн. Таван өдөр нуранги дор байснаа мэдээгүй.

 

-Гэр бүлийнхтэйгээ холбоо тогтоосон уу. Тэд зүгээр биз дээ?

-Харамсалтай нь гэр бүлийнхээ сургийг гаргаагүй байна. Би ээж, хоёр дүүгийнхээ хамтаар амьдардаг. Тэднийг минь бурхан ивээсэн гэдэгт итгэлтэй байгаа. Хэрвээ тэд намайг олж ирэхгүй бол би биеэ гайгүй болгоод тэднийгээ эцсийнхээ хүчийг хүртэл хайх болно.

 

-Газар хөдлөлтөөр Катманду хот танигдахын аргагүй боллоо?

-Тиймээ. Би эх орноо хараад уйлсан. Миний эх орон. Дэндүү харамсалтай.

 

-Дахин хүчтэй болж, эх орныхоо хөгжилд гар бие оролцоорой. Бас заавал гэр бүлээ олж, уулзаарай. Таны гэр бүлийг бурхан ивээг?

-Баярлалаа. Үнэхээр баярлалаа. Миний гэр бүл эсэн мэнд, намайг хайж байгаа гэдэгт итгэлтэй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ