Хурдны замынхан ГХГЗЗГ-тай хамтарна

Монгол Улсад анх удаагаа олон улсын стандарт бүхий транзит тээврийн хурдны авто замыг барих ажил эхлэхэд бэлэн болж байгааг албаныхан дуулгаж буй. Учир нь “Алтанбулаг-Улаанбаатар–Замын-Үүд” чиглэлийн 1000 км хурдны авто замын геотехникийн суурь судалгаа, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил хийгдээд дуусч байгаа аж.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Чингис лэнд девелопмент групп Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газартай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан байна. Санамж бичгийн зорилго нь замын трассын байр зүйн зураг зохиох болон хамаарлын бүс газрыг бүртгэлжүүлэх, инженерийн цогц суурь судалгаа, зураг төсөл, зам барилга үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн туслалцаа авахад чиглэжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь хурдны авто замын трасс болон нөлөөллийн бүсийн мэдээллийн санг үе шаттайгаар байгуулах, хурдны авто замын инженер геологи, гидрогеологи, гидрометрологи, геодези, газрын кадастрийн судалгаа хийх юм байна.
Ингэснээр зураг төсөл, төсөв түүнд шаардлагатай техникийн хяналтын асуудлаар мэдээлэл зөвлөгөө өгөх, судалгаа боловсруулалт хийх, дүгнэлт зөвлөмж гаргах чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн бодит агшны байрлалд тулгуурласан орон зайн суурь мэдээлэлд үндэслэн авто замын ухаалаг системийг нэвтрүүлэхэд мэдээлэл зөвлөгөө өгч, дүгнэлт зөвлөмж гаргаж ажиллахаар тохирчээ.
“Алтанбулаг-Улаанбаатар-Замын–Үүд” чиглэлийн хурдны авто замыг барихдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хянах болон замын төлбөрийг хураах ухаалаг системийг нэвтрүүлэхээр судалгаа, тооцоо боловсруулж байгаа гэдгийг албаныхан онцолж байв. Мөн хурдны авто замыг дагасан шинэ суурьшлийн бүс, хот байгуулалт, түүний дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдэхэд мэргэжлийн талаас мэдээлэл арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах ажээ.
Дашрамд дуулгахад, өнгөрөгч дөрөвдүгээр сард уг хурдны авто замын трасс батлагдаж, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хурдны авто замын трасс дайран өнгөрч байгаа зургаан аймгийн засаг дарга нарт “Хурдны авто замын зурвас газрыг концесс эзэмшигчид олгох тухай” албан тоот илгээсэн юм. Энэхүү төсөл нь Төр–Хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэж буй хамгийн том бүтээн байгуулалт болох гэж байгаа аж. Тиймээс талууд энэхүү мега төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ