Малчин өрхүүдэд гэр хандивлав

Дорнод аймгийнт түймэрт өртсөн малчин өрхүүдэд тусламж үзүүлэх аяныг дэмжин, Англо Американ групп Монгол дахь салбараараа дамжуулан таван гэр хандивлажээ. Эдгээр гэрүүдийг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн бөгөөд гэрүүдийг түймэрт гэрээ шатаасан малчин өрхүүдэд хүргэж өгөх юм байна.
Дорнод аймгийн Засаг дарга М. Бадамсүрэн “Нутгийн нилээд хэсгийг хамарсан гал түймрийг унтраах, түймрийн аюулаас нутгийн иргэд, тэдний мал, өмч мөн байгаль экологи, бэлчээр нутгаа хамгаалах, учрах хохирлыг аль болох багасгахын тулд манай аймгийнхан ихээхэн хүчин чармайлт тавин ажиллаж байна.
Энэхүү гал түймэртэй тэмцэх, нутгийн иргэд болон малчин өрхүүдэд учирсан хохирлыг барагдуулах ажилд олон байгууллагууд, хувь хүмүүс тусалж байна. Эдгээрийн нэг нь Англо Американ компани юм. Бид түймрийн гамшиг тохиолдсон энэ хүндхэн цаг үед туслалцаа үзүүлж байгаа тус компанийн хамт олонд талархаж байна” гэв.
Англо Американы Монгол дахь суурин төлөөлөгч бөгөөд ерөнхийлөгч Др. Грейм Ханкок “Монгол орны зүүн хэсгийг хамарсан хүчтэй гал түймрийн улмаас олон арван малчин өрхүүд ихээхэн гарз, хохирол амсаж байгаа талаар сонсоод бид их санаа зовсон.
Бидний энэхүү өчүүхэн тусламж нь тэдгээр малчин өрхүүдийн заримд нь тус дэм болно гэж найдаж байна. Гал түймэр болон байгалийн аливаа гамшигт өртсөн хүмүүс, өрхүүдэд тусалж байх нь бидний сайн санааны үйл хэрэг юм” гэжээ.
Дашрамд дуулгахад, “Англо Американ” групп нь дэлхийн томоохон төрөлжсөн уул уурхайн компаниудын нэг бөгөөд Монгол дахь салбараа 2012 оны 12 сард нээж байжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ