Барьцаанд байсан 275 хүүхдийг чөлөөлжээ

img

Нигерийн армийнхан гурван хоногийн турш цэргийн ажиллагаа явуулсны үр дүнд хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн барьцаанд байсан 275 хүүхдийг чөлөөлсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Чөлөөлөгдсөн хүүхдийн ихэнх нь бага насны хүүхдүүд аж. Армийнхан хэт даврагчдын гол хуаран байрлах Самбисе ойд гэнэтийн ажиллагаа явуулсан байна.  Хэт даврагчдын барьцаанд байсан хүүхдүүдийн дунд өнгөрсөн онд Борно мужаас хулгайлагдсан сурагч охид байх магадлалтай хэмээн албаны эх сурвалж мэдээлжээ. 15-17 насны гурван охин өөрсдийгөө хулгайлагдсан сурагч охид хэмээн цагдаа нарт мэдэгдэж, гэр бүлтэйгээ уулзахыг хүссэн гэв.  Нигерийн Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа Мухаммеду Бахари Хэт даврагчдыг өөрсдийн хүслээр бууж өгөх хүртэл цэргийн ажиллагаагаа зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Өнгөрсөн долоо хоногт армийнхан хэт даврагчдын барьцаанд байсан 300 гаруй охид, эмэгтэйчүүдийг чөлөөлж, хэд хэдэн зэвсгийн агуулахыг бүсэлсэн билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ