Шинэ Дели Улаанбаатарын “Том ах” болох сонирхолтой

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын дундуур Монгол Улсад төрийн айлчлал хийх билээ. Тэрбээр айчлалынхаа хүрээнд Монгол Улсад гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж буй тухай “www.telegraphindia.com” мэдээллээ. Моди Улаанбаатар хотноо англи хэлний хэд хэдэн сургууль барьж өгөх сонирхолтой байгаа гэнэ. Гэхдээ сургууль барих саналыг Моди тавиагүй бөгөөд Монголын удирдлагууд Улаанбаатар хотноо англи хэлний сургууль барьж өгөхийг хүссэн гэв. Монголын талаас сургууль барьж өгөх хүсэлтээ өнгөрсөн онд гаргасан бөгөөд “Монгол нь ОХУ, Хятадын итгэлт хөршөөс гадна энэ улсуудын нөлөөнд олон жил байсан тул орос, хятад хэлийг монголчууд голчлон сурсан байдаг. Харин англи хэл сурах шаардлага нь зүй ёсоор өссөн” гэж мэдэгджээ. Энэтхэгийн удирдлагууд энэхүү саналыг нааштай хүлээн авч “Англи хэлийг сурах хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа учир гадаад хэлийг, орчинд нь сурсан мэт төгс сургах зорилготой англи хэлний сургуулийг Улаанбаатар барьж өгөхөд асуудалгүй” гэж мэдэгджээ.
Монгол байгалийн баялагаараа дэлхийд тэргүүлдэг, уул уурхайн салбартай хөрш Хятад зэрэг оронтой хамтран ажиллаад нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн. Моди Монголтой шууд уул уурхай томоохон асуудал дээр хамтран ажиллахгүйгээр бага багаар хөдлөх сонирхолтой байгаа юм. Тиймээс англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг барьж өгч, улмаар монголчуудын итгэлийг олох сонирхолтой байна. Энэтхэгт суугаа Монголын Элчин сайд С.Баяр “Telegraph” сонинд “Нарендра Модигийн айлчлал Монгол Улсад ихээхэн ач холбогдолтой. Монголд боловсролын систем хүндрэлтэй байдаг” гэж ярьжээ. Моди Монголд айлчилж буй Энэтхэгийн анхны Ерөнхий сайд болох юм. Тэрбээр Шанхай хотноо айлчлаад энэ сарын 16-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, тус улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон албаны хүмүүстэй уулзах билээ. Айлчлалын хөтөлбөрийн дагуу тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хэлэлцээрийн ширээний ард сууж, хэлэлцээр хийхээр болжээ. Модигийн айлчлал Энэтхэгийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой гэнэ. Улаанбаатарын удирдлагууд Азийн бусад орнуудын адилаар Энэтхэгтэй харьцдаг. Айлчлалын үр дүнд Шинэ Дели, Бээжингийн байр суурийг эзэлж, Улаанбаатарын “Том ах” болох сонирхолтой байгаа юм. Гэхдээ Бээжин тийм ч амархан бууж өгөхгүй. Модигийн айлчлал энэ бүх асуудлыг шийдвэрлэж, Монголын хувьд хүндтэй хүн болох боломжтой билээ.
Монголын олон удирдагчид Энэтхэг улсад төрийн айлчлал хийж байсан. 2009 онд өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчилсан бол 2004 онд Н.Энхбаяр, 2001 онд Н.Багабанди нар Энэтхэгт төрийн айлчлал хийжээ. Харин 2011 онд Энэтхэгийн Ерөнхийлөгч Пратибха Девисингх Патилын Монголд айлчилж байв. Ерөнхийлөгч Монголд айлчилснаар хоёр улсад үүсээд байсан хөндий, хүйтэн харилцаанд цэг тавьсан хэмээн Энэтхэгийн удирдлагууд мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ