Зээл авахын тулд 35 нас хүртлээ хүлээх ёстой юм уу

img

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтад хувиараа хөдөлмөр эрхлэдэг 400 орчим хүн оролцсон юм. Мөн гаднах талбайд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнйи үзэсгэлэн худалдаа гарсан байв.

 

Уулзалтын үеэр С.Чинзориг сайд Хөдөлмөрийн яам болон хамтран ажилладаг байгууллагуудаас хэрэгжүүлж буй  хөнгөлөлттэй зээлийн талаар танилцуулсан. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх,үйлдвэрлэл дээр дадлагажуулах, ажлын байранд зуучлахад түлхүү анхаарахаа мэдэгдсэн.

 

Тэрбээр хэлэхдээ “Хөдөлмөрийн туршлагатай, ур чадвар, мэргэжил бүхий 35-аас дээш насныханыг өөрөө өөртөө ажлын байр бий болгоход илүүтэй анхаарч байна. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдэд жилийн 10.2 хувийн хүүтэйгээр 10 хүртэлх сая төгрөгийн зээл олгож байгаа.

 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр иргэд, аж ахуйн нэгжид 10-аас илүү хувийн хүүтэй 30 хүртэлх сая төгрөг олгох журмын шинэчлэл батлуулж хэрэгжүүлсэн. Мөн зээл авахад шаардагдахбарьцаа хөрөнгийн асуудлыг энэ жил шийдвэрлэж, Төрийн банкаар дамжуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог бүх төрлийн жижиг зээлийн 80 хувьд батлан даалт гаргадаг боллоо.

 

Өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд 2.9 тэрбум төгрөг зарцуулж байсан. Харин энэ онд 6,1 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жил 84.7 тэрбум байсан бол энэ  жил 80.3 тэрбум болж буурсан” хэмээн мэдээлэл өгсөн юм.

 

Уулзалтын үеэр хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл өөрсдийн тулагмдасан асуудлуудаар санал бодлоо илэрхийлсан. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлийг ганцхан Төрийн банкаар дамжуулж байгаа нь хэтэрхий өндөр шалгууртай байна. Ззэл авахад 35-аас дээш настай байх гэж заасан байна.

 

Гэтэл дөнгөж дээд сургууль төгсөөд ажил амьдрал руу орох гэсэн залуу хүмүүст боломж олдохгүй байна. Зээл авахын тулд 35 нас хүртлээ хүлээх ёстой юм уу. 20-30 настай залуусын хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжсэн төрийн бодлого хэрэгтэй байна гэх зэргээр саналаа хэлж байлаа.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

director:
ямар мундаг мундаг юмнууд хийсэн байна аа. бахархаж байна. Ийм хөдөлмөрч уран иргэдээ дэмжээч ээ.
2015-05-07