Газрын наймаанаас татвар ав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей гишүүдийн асуултад хариуллаа. Гишүүд хөрөнгө оруулалт татахын тулд эдийн засгийн хямралтай энэ үед хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлж өгөх ёстой гэсэн саналыг хэлж байлаа.
Байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан байна. Гэвч уг горимын саналыг гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.Тиймээс уг хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Дараа нь нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-Өмнөх долоо хоногт Ерөнхий сайд татвар нэмэхгүй гэж байсан. Гэтэл нэмэх асуудал оруулж ирлээ. Та нар тоглоод байгаа юм уу? Ерөнхий сайдын хэлсэн үг үнэ хүндгүй юм уу?
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:
-Энэ хуулийг 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэлтэй цуг өргөн барьсан. Орон нутгийн төсөвтэй холбоотой хуулийн төсөл байгаа учир төсөвтэй холбохгүйгээр хэлэлцэж явахаар шийдсэн. Энэ нь Засгийн газарт хамаарахгүй.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нийслэл хот тусгай бие даасан төсөвтэй байна гэж заасан байдаг юм байна. Нийслэлийн татварыг дэмжиж байна. Улаанбаатарт түгжрэл их байгаа. Бусад улсын жишгээс харахад нийслэл нь татвар, өртөг өндөртэй байдаг. Харин энэ хуульд Онцгой албан татварын бараанаас татвар авна гэснийг тодруулж өгөхгүй юу? Нефть шатахуун дээр нийслэлийн татвар байж болох уу?
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
-Энэ бол нийслэл хотын аж ахуйн нэгжийн төлөх татвар биш. Баар, дэлгүүрээс авах татвар юм. Архи, тамхи, баар ресторан, дэлгүүр гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээ байгаа. Засгийн газрын өргөн барьсан төслөөр нийт үйлчилгээг хамруулсан байсан. Татварын хэмжээ нь 0-1 хувь байгаа. Хувийг нь хэрхэн тогтоохыг нийслэл дээр шийдвэрлэх байх. Нийслэлд ажиллаж амьдарч байгаа хүмүүс худалдан авсан архи тамхинаасаа 1 хувийг л төлөх юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Давхар татвар төлөлтийн зарчим гэж байдаг. Хүн нэг л удаа татвар төлнө. Нийслэл хотын төлбөр биш татвар гээд нэрлэж байгаа бол Онцгой албан татварын хуультай харшлахгүй юу? Татварыг хуулиар тогтоодог. Төлбөр бол өөр зүйл.
УИХ-ын гишүүн С.Оюун:
-Цайны газраар үйлчлүүлж байгаа бол хотын иргэд татвар төлөхөөр болж байгаа юм уу? Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед уг хуулийн төслийг өнөөдөр батлах нь буруу байх. Хэдийгээр 1дүгээр сард өргөн барьсан ч гэсэн Засгийн газар төслөө татаж болно.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
-Энэ хуулийн хамрагдах хүрээлэл баар, ресторан, амралтын газар дэлгүүр багтаж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар:
-Улаанбаатар хот татвар авах гэж байгаа бол газрын наймаанаасаа татвар аваач ээ. Авлигаар аваад цааш нь дамжуулан зарж байгаа хүмүүсээс татвар ав. Яагаад тулга тойрсон зүйлтэй ноцолдоод байдаг юм бэ.
Гишүүний асуултад нийслэлээс Засаг даргын орлогч Н.Батаа “Газрын худалдаанаас авч болох бүх л хураамжийг авахаар ажиллаж байна. Газрын наймаатай холбоотой хяналтад оруулах гэсэн журмыг баталж, зохион байгуулан ажиллаж байна” гэсэн хариулт өгсөн юм.
Харин гишүүн Д.Дэмбэрэл “Ерөнхий сайдын татварын гол гол төрлүүдээр реформ хийх гэж байгаагаа хэлсэн. Улаанбаатар хотын асуудлыг ойлгож байгаа. Ерөнхий сайдын хэлсний эсрэг зүйл битгий оруулж ир. Энэ бол иргэдэд ачаалал болно шүү” гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Нийслэлийн татварын газар ажилладаггүй юм байна. Татвар оруулж ирж байгаа нь анхнаасаа тооцоо судалгаагүй зүйл хийжээ. Заавал татвар баталъя гээд байгаа юм бол “0” хувиар нь батлаад өгчих. Нийслэлд хууль үйлчлэхээ байсан. Зургаан орлогчоо хоёр болго гэхээр болгохгүй. Ресторан гэж алийг хэлэх вэ?
Чуулганы хуралдаан үргэлжилж байна
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ