Украинчуудын төлөө украин хүн л ажиллаж чадна

img

Украины эрх баригчид тус улсын эдийн засгийг сайжруулах, авлигатай тэмцэхэд үндэсний боловсон хүчнээс гадна олон улсын нэр хүндтэй, сайн мэргэжилтнүүдийн мэдлэг хүчийг ашиглах нь зүйтэй хэмээн үзэж Засгийн газартаа гадаадын боловсон хүчнүүдийг урьж ажиллуулж байгаа. Тус улсын Эрүүл мэндийн сайдаар Гүрж улсын иргэн Александр Квиташвили, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Литвийн иргэн Айварас Абромавичус, Сангийн сайдаар АНУ-ын иргэн Наталья Яресько болон Хуульзүйн дэд сайдаар Гүржийн иргэн Екатерина Згулазег нар ажиллаж байгаа юм. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Порошенко ахлах зөвлөхөөрөө Гүржийн экс Ерөнхийлөгч Михаил Саакашвилиг сонгосон билээ.  Тус улсын экс Ерөнхий сайд Юлия Тимошенко “Украин 112” телевизэд ярилцлага өгөх үеэрээ Засгийн газарт ажиллаж буй гадаадын иргэдийг шүүмжилж, эх орон руугаа явахыг шаардсан тухай “www.tass.ru” мэдээллээ.  Тэрбээр “Улсын хамгийн чухал салбарт  гадаадын иргэд ажиллаж байна. Тэд бидний төлөө бүх хүчээ дайчилж, ажиллаж байгаа гэдэгт итгэхгүй байна. Украинчуудын төлөө украин хүн л ажиллаж чадна. Би энэ сайд нарыг яваасай, ажлаа хүлээлгэн өгөөсэй гэж хүсч байгаа. Өнөөдрийг хүртэл Украин улс сэргэж, хямралаасаа салж чадахгүй байгаа нь энэ хүмүүстэй холбоотой ч байж болзошгүй. Тэд нууцаар гал дээр тос нэмж байж болзошгүй” гэж хэлжээ.

 

Энэ сайд нар албан тушаалаа авахаасаа өмнө Украины иргэн болсон юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ