Захиргааны байгууллагын хариуцлагагүйгээс газрын маргаан үүсдэг

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч А.Сарангэрэлтэй ярилцлаа.
-Захиргааны хэргийн шүүхэд иргэд газрын маргаантай асуудлаа шийдүүлэхээр хандах нь нэмэгдэж байгааг шүүгчид хэлдэг. Ачаалал ямар байна вэ?
-Манай шүүхийн хувьд ачаалал өндөр байгаа. Улсын хэмжээнд шийдвэрлэгддэг нийт захиргааны хэргийн 54 хувийг захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх дангаараа шийдвэрлэдэг. Улсын хэмжээнд 2014 оны байдлаар захиргааны 1187 хэрэг шийдэгдсэн. Үүнээс манай шүүх 634 хэргийг шийдсэн байгаа. Үүний 38 хувийг газрын маргаан эзэлж байна.
-Тэгэхээр газрын маргаан хамгийн өндөр хувьтай байна гэж ойлгож болох уу?
-Болно. Тухайлбал, өнөөдөр миний гар дээр 60 гаруй хэрэг байгаагийн 30 гаруй нь газрын маргаантай холбоотой хэрэг байна.
-Газрын маргаан гараад байгаагийн гол шалтгаан нь юу вэ?
-Олон шалтгаантай. Төрийн өмчийн газрыг иргэд, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх эрхтэй захиргааны байгууллагууд газар олголт хийхдээ газрыг давхцуулдаг. Бусдын эзэмшил, өмчлөлийн газар болон байшин, барилгын орц гарцыг хаадаг, оршин суугчдын нарны гэрлийг хаадаг, зай хэмжээ, галын аюулгүй байдлыг хангах наад захын шаардлагыг зөрчдөг зэргээс маргаан үүддэг. Мөн хот төлөвлөлттэй холбоотой зам барих, гэр хорооллыг барилгажуулах зэргээр захиргааны байгууллагаас өмнө гаргасан шийдвэрээ цуцлах, урьд нь гаргасан алдаатай шийдвэрээ засах зорилгоор гаргаж байгаа шийдвэрүүд нь мөн газрын маргаан үүсэх шалтгаан болж байгаа харагддаг. Нөгөө талдаа иргэд маань Газрын хуулийн мэдлэг тааруугаас шалтгаалж хаа дуртай газраа очиж суурьшдаг, байшин, барилгаа барихдаа газрын эзэмших, ашиглах, өмчлөх албан ёсны зөвшөөрөл авдаггүйгээс асуудал үүсч байна.
-Газар олгож байгаа захиргааны байгууллагуудын алдаа, дутагдлаас үүдэлтэй маргаан нийт шийдэгдэж байгаа хэргийн хэдэн хувийг эзэлж байгаа вэ?
-2014 оны байдлаар захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэсэн нийт хэргийн 634 нь газрын маргаан байхад түүний 47 хувийг нь нэхэмжлэгчийн буюу иргэний талд гаргасан гэсэн судалгаа байна.
Энэ нь нэг талдаа газар олголтын асуудлыг эрхэлж байгаа захиргааны байгууллага, албан тушаалтнууд газар олголтыг хийхдээ тухайн газрыг бусдын эзэмшил, өмчлөл, ашиглалтын газартай давхцаж байгаа, орц гарцыг хааж буй эсэх, хүн амьдрахад шаардагдах эрүүл аюулгүй байдлын наад захын зай хэмжээ, бусад шаардлагыг хангаж байна уу гэдгийг Газрын тухай хууль тогтоомжид заасан бусад шаардлагад нийцэж байгааг нарийн судалж, эргэн тойрных нь баримт, судалгааг иж бүрнээр нь хийж байж газрыг олгох шаардлагатайг харуулж байгаа юм. Иргэн хувийн байгууллагаар кадастрын зураг хийлгээд өргөдлөө өгснийг үндэслээд газар олголт хийсэн маш олон тохиолдол байна. Үүнээс шалтгаалж олон төрлийн газрын маргаан үүсээд буйг анхаарах хэрэгтэй. Газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэлд иргэд, байгууллагын эзэмшил, өмчлөл, ашиглалтын мэдээллийг бүрэн оруулах, уг мэдээллийн сантайгаа ажлаа уялдуулан ажиллах гээд олон шаардлага байна.
-Тэгэхээр захиргааны байгууллагаас газар олгохдоо хайхрамжгүй хандснаас ийм маргаан гараад байна гэсэн үг үү. Нөгөө талаар төрийн албан хаагчдын эрх мэдэл, ашиг сонирхол байна уу?
-Хариуцлагагүй гэж дүгнэж болно. Гэхдээ эрх мэдэл, ашиг сонирхлын асуудал гэхээсээ илүүтэйгээр захиргааны байгууллага, албан тушаалтнууд дүн шинжилгээтэй, нотлох баримттай, нухацтайгаар газрын асуудалд хандах. Энэ иргэн, хуулийн этгээдэд газар олгох шийдвэр гаргаснаар цаана нь өөр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих шалтгаан бий болох вий гэдгийг заавал нягтлан шалгаж байх, ажлаа баримтжуулах үйл ажиллагаа дутагдаад байна гэж харагдаж байгаа.
-Засаг дарга нар өмнө гаргасан захирамжаа хүчингүй болгодог гэж ярьсан. Тэгэхээр үүнээс болоод иргэд хохирч байна уу?
-Иргэдийнхээ өмнө амласан амлалт, хөтөлбөрөө хэрэгжүүлэх шаардлага сонгуулиар томилогддог ямар ч захиргааны байгууллага, албан тушаалтанд ялангуяа Засаг дарга нар, ИТХ-д байгаа. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөлт гаргаж ажилладаг. Үүнээсээ шалтгаалаад өмнөх Засаг дарга, ИТХ-ын шийдвэрийг хүчингүй болгох зайлшгүй шаардлага гарна. Тэгэж шийдвэрлэхдээ захиргааны байгууллага, албан тушаалтнууд хуулиа мөрдөж нэгэнт газар эзэмших, ашиглах эрх авсан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аль болох зөрчихгүй, хөндөхгүй байхад анхаарах хэрэгтэй.
-Ийм тохиолдолд яах ёстой вэ?
-Хот төлөвлөлтдөө тааруулж газар олголт, газар зохион байгуулалтыг хийх ёстой. Гэтэл манай Нийслэлийн хувьд анхнаасаа ингэж яваагүй учир өнөөдөр дахин хот төлөвлөлт, газар зохион байгуулалт хийхээр өмнө нь олгосон газруудын хувьд мэдээж хэрэг олон маргаан, асуудал дагуулж байгаа. Өмнөх алдаатай шийдвэрээ засахын тулд дахин алдаа гаргахгүй, бусдын эрхийг зөрчихгүйгээр алдаагаа засах. дараагийн газар олголтыг хийхдээ эргэн тойрны судалгаанд үндэслэж, газрын кадастрын мэдээллийн сангаа ашиглаж хариуцлагатай хандах хэрэгтэй л дээ.
-Төрийн албан хаагчдын хувьд хариуцлагагүй ажиллаад байна гэж хэлж байна. Тэгвэл иргэд юу мэдэж байх хэрэгтэй вэ?
-Мэдээж хэрэг, газрын маргаан гарч байгаа шалтгаан нь зөвхөн захиргааны байгууллагын буруу, алдаатай үйл ажиллагаанаас дан ганц шалтгаалахгүй байгаа гэдгийг тодруулан дурьдмаар байна. Иргэд хөдөө орон нутгаас шилжин ирэх, зуслангийн газрыг эзэмших зэрэгтээ Газрын хуулийн мэдлэгтэй байх шаардлагатай. Дурын газартаа очоод хашаа хатгаж, байшингаа барьдаг, нэлээн удаан амьдарсных нь дараа түүний амьдарч байсан газар нь Газрын хуулийн дагуу гэрчилгээ, зөвшөөрөл авсан өөр этгээдийн газар болж таардаг. Тэгээд л би энэ газар дээр удаан жил амьдарсан учир газар эзэмших эрхтэй гэж маргаж байгаа асуудал олон гарч байна. Газрын хуулиараа эхэлж газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ авсны дараа иргэд, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх үүсч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Зуслангийн газар дээр маргаан маш их гарч байгаа. Газрын кадастраараа барьдаггүй энэ арай тэгшхэн газар байна гээд л өөр хүний эзэмшил газар байшингаа барьж, нөгөө иргэнийхээ эрхийг зөрчдөг. Энэ байдал нь газрын маргаан үүсгэдэг.
-Иргэний газрын маргаантай хэргийг шүүх хэдий хугацаанд шийдвэрлэдэг вэ?
-Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа 10 гаруй төрлийн маргаанаас шүүгчийн зүгээс хамгийн их ажиллагаа шаардлагатай, нэлээн цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардагдаж байж шийдэгддэг маргаан бол газрын маргаан. Хамгийн хялбархан гаргалгаатай газрын маргааны шүүхийн шийдвэр 10-15 хуудас, 250 хуудсаар үдэгдэх 2 хавтас, ээдрээ төвөгтэй маргаан бол шүүхийн шийдвэр нь 20-оос дээш хуудас, 3-10 хүртэл хавтас материалыг захиргааны хэргийн шүүхээс цуглуулж, судалж, дүн шинжилгээ хийж байж шийднэ. Гэхдээ л хэрэг маргаан шийдвэрлэх нь хуулийн хугацаатай учир ихэнхдээ 2-4 сарын хугацаанд газрын маргаан анхан шатны шүүхээр шийдвэрлэгддэг гэж хэлж болно.
-Тэгвэл практикаас харахад Газрын тухай хуульд шинэчлэн засах зүйл харагддаг уу?
-Харагдаж байна. Гэхдээ Газрын тухай хуулийг дангаар нь өөрчлөх биш иж бүрнээр нь газар зохион байгуулалт, хот төлөвлөлттэйгээ уялдуулан өөрчлөх шаардлагатай гэж харагдаж байгаа. Мөн УИХ дээр Захиргааны ерөнхий хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулийн төслөөр захиргааг хариуцлагажуулах, хуулиар олгосон эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ захиргаа яаж ажиллах, бусдын эрхийг хохироохгүй байх үүднээс тухайн этгээддээ гаргах шийдвэрээ урьдчилан мэдэгддэг байх сонсогддог байх үүргийг хуульчилсан. Эргэн тойрны нотлох баримтыг шинжлэн судалж байж захиргаа шийдвэрээ гаргах чухал хуулийн төсөл явж байгаа.
-Жилдээ шийдэгдсэн нийт 630 гаруй хэргийн 47 хувь нь нэхэмжлэгчийн талд шийдэгдсэн гэж хэлсэн. Тэгэхээр нэлээн хувь нь иргэдийн талд шийдэгдэж ээ?
-Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргаа буюу захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж иргэд хохирсон бол эрхийг нь сэргээхэд чиглэгддэг. Хэрвээ хуульд нийцээгүй буруутай үйл ажиллагаа явуулаад хуульд заасан иргэний эрхийг зөрчсөн өөрөөр хэлбэл газар эзэмших эсхүл, тэдний аюулгүй орчинд амьдрах гэх мэт эрхийг зөрчсөн бол захиргааны шийдвэрийг хүчингүй болгодог. Иргэдийн төрд итгэх итгэл найдварыг баталгаажуулахад чухал хувь нэмрийг захиргааны хэргийн шүүх оруулж байгаа. Гэхдээ захиргааны байгууллага газрын хууль тогтоомж болон бусад хууль тогтоомж ялангуяа захиргааг хариуцлагатай болгох хуулиа сайжруулах нь газрын маргаан, газрын асуудал гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ