Ялалт авчирсан ахмад дайчдад мэхийн ёсолъё

Энэ өдөр түүхэн ялалтын ой тохиож байна. 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дайн эхэлсэн цагаас эхлээд дайн дуусах хүртэлх хүнд хэцүү он жилүүдэд ахан дүүгийн чин сэтгэлээр тусалж, дэмжиж байсан манай ард түмэн ч өнөөдөр баярлаж байна.
Эх орны дайны сүлд дуу “Катюша” эгшиглэж, ялалтын бэлгэ тэмдэг георгийн туузыг энгэртээ зүүсэн орос, монгол иргэд хамтдаа эзэн Чингис хааны нэрэмжит төв талбайд баярлаж байна. Энэхүү үйл ажиллагаанд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Бүгд Найрамдах Беларусь Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Станислав Владимирович Чепурной, Казахстан Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин, Дайнд оролцогчдын Монгол холбооны тэргүүн хошууч генерал Ж.Самбуу болон ахмад дайчдын төлөөлөл хүндэт зочноор оролцлоо.
ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов хэлсэн үгэндээ “Бидний баяр бол та бүгдийн баяр мөн. Юуны өмнө ахмад дайчдад мэхийн ёсолъё. Тэд энэ дайнд ялалт авчирсан. Энэ өдөр тонголчуудын хувьд онцгой өдөр” хэмээн онцолж байсан.
Ялалтын баярын ойд зориулсан арга хэмжээг үзэж сонирхохоор, хамтдаа баярлахаар хүрэлцэн ирсэн иргэд цэргийн хээрийн хоол идэж, Зэвсэгт хүчний үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн ялалтын баярт зориулсан түүвэр тоглолтыг үзэж сонирхов.
ОХУ-ын Москва хотын Улаанталбайд алхаж буй Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадыг Чингисийн талбайд шууд дамжуулан үзүүлж байна. Хурандаа Л.Батболдоор удирдуулсан монгол цэргүүд анх удаа ялалтын баярын жагсаалд оролцож, Моксвагийн Улаанталбайд алхлаа.
Баярын үйл ажиллагаа 19:00 цагт МҮЭСТО-нд эхлэх Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн “День победы” хүндэтгэлийн тоглолтоор үргэжилж, 22.00 цагт Чингисийн талбайд 5-10 минутын ёслолын буудлагаар өндөрлөх юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ