Оросууд итгэлт андаараа Хятадыг нэрлэв

ОХУ-ын “Сайн сайхан нийгэмлэг” төвөөс явуулсан санал асуулгаар Орос иргэдийн 65 хувь нь “Хятадад итгэдэг” хэмээжээ. Саналаа өгсөн иргэд “Оросыг ганцаардах үед Хятад тусалж, бүхий л бололцоогоор дэмжлэг үзүүлж байсан” хэмээн хариулжээ. Иргэд итгэлтэйгээр “Оросын итгэлт түнш Хятад болон дарга Си Зиньпин” гэж хариулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 2008 онд явуулсан судалгаагаар нийт иргэдийн 25 хувь “Хятадыг Оросын сайн найз” хэмээн хариулж байжээ.
Иргэдийн дараагийн итгэл хүлээлгэх улсаар Казахстан болон Германыг нэрлэсэн байна. Өнгөрсөн оны судалгаагаар иргэдийн 51 хувь Казахстан, 29 хувь нь Германд итгэдэг хэмээн хариулж байсан ч энэ онд хоёр улсын нэр хүнд оросуудын дунд буурч, эргэлзээг үүсгэсэн хэмээн тус төвөөс мэдээлсэн байна.
Оросуудын хувьд айдас төрүүлдэг улсаар АНУ-ыг нэрлэжээ. Саналаа өгсөн иргэдийн 80 хувь нь АНУ-ыг “Оросын дайсан” гэж хариулжээ. Тус улс Украины зүүн хязгаарын хямралаас үүдэн Орос улсад эдийн засгийн хориг тавьж, ганцаардуулахыг оролдож эхэлсэн юм. 2012 оны судалгаагаар саналаа өгсөн иргэдийн 25 хувь нь “АНУ-д итгэдэггүй” хэмээн хариулж байсан бол 2013 онд 48 хувь “АНУ-ын улс төрийн бодлого Оросыг хүчгүйдүүлэхийг оролддог” гэсэн байна. Харин өнгөрсөн онд 59 хувь нь “АНУ-ОХУ хэзээ ч найзууд болохгүй. Хоёр гүрний дайсагнасан хүйтэн харилцаа дэлхийн III дайныг ч дэгдээж магадгүй” гэж хариулжээ.
АНУ-ын нэр хүнд Орост огцом унаж, тус улсыг зорих жуулчдын тоо багассан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ амралтын өдөр Москва хотноо болсон ялалтын баярт оролцоогүй бол БНХАУ-ын дарга Си Зиньпин парадын үеэр Ерөнхийлөгч В.Путиний дэргэд суусан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ