Гамшгийн эрсдлийг бууруулахаар хэлэлцэж байна
2015-05-11

“Гамшгийн эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах ба тогтвортой хөгжил хоорондын уялдаа холбоог сайжруулах нь” сэдэвт өндөр түвшний хөгжлийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж байна.

 

Уг арга хэмжээг Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газар хамтран зохион байгуулж байгаа юм.

 

Монгол Улс нь эрс тэс уур амьсгалтайгаас гадна газар хөдлөлт, үер болон бусад гамшигт өртөмхий аж. Иймд гамшгийн эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөгжлийн уялдаа холбоо бүхий бодлого хөтөлбөр байхгүй аваас урт хугацааны хөгжлийн ахиц дэвшилд хүрэх боломжгүй юм байна.

 

Энэ удаагийн өндөр түвшний хэлэлцүүлгээр гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг үндэсний хөгжлийн бодлогод тусгах, гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний платформ байгуулах чиглэлээр олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Сэндайн хүрээ баримт бичгийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбаруудын үйл ажиллагааг нэгдмэл бодлогоор уялдуулан зохицуулах Үндэсний зөвлөл байгуулах асуудлыг  хэлэлцэх аж.

 

Хэлэлцүүлэгт Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах тусгай төлөөлөгч, хатагтай Маргарета Волстром, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Сезин Синаноглу нараас гадна гамшгаас хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болсон 400 орчим төлөөлөгч оролцож байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин