АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын нийслэл Москва хотноо ажлын айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсан бол өнөөдөр Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Уулзалтын өмнө Керри Ерөнхийлөгчийг магтаж “Ирэх оны ялалтын баярт оролцох болно. Ялалтын 70 жилийн ойн баярыг зурагтаар хүлээн авч үзсэн. Их сайхан байлаа. Зохион байгуулалтын хувьд төгс. В.Путин хүчтэй улстөрч, шилдэг удирдагч гэдгээ дахин баталсан хэрэг боллоо” гэж хэлжээ.
В.Путин түүнд талархалаа илэрхийлээд “АНУ-ын удирдлагууд хүссэн үедээ Орост ирж болно. Бид найрсагаар хүлээн авах болно” гэсэн байна. Тэд Украины зүүн хязгаарын хямралын гол буруутан гэгдээд буй Оросын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригийн асуудлаар байр сууриа солилцсон байна.
Ерөнхийлөгч “Украины хямралд Оросыг буруутах шаардлага байхгүй. Оросын ганц ч цэрэг Украинд байхгүй” гэсэн бол Керри “НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд таны мэдэгдлийн үнэн зөв эсэхийг тодруулах байх. Бид тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Миний айлчлалын гол зорилго АНУ, ОХУ-ын хүйтэн хөндий харилцааг цэглэх зорилготой” гэж мэдэгджээ.
Керри өнөөдөр Сочи хотноо очиж, нэг өдөр амрах билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |