Сийлбэртэй гэр 35 саяар зарагдав

img

Нөхөрлөлүүдийн үндэсний холбоо, байгаль хамгаалах нөхөрлөлүүд үүсч хөгжсөний 15 жилийн ойд зориулан Үндэсний хэмжээний анхдугаар чуулганыг өнөөдөр, маргааш Улаанбаатар хотноо зохион байгуулж буй. Чуулганыг угтан нээлттэй өдөрлөг  “Ногоон ирээдүй-2015” төслийн нээлт өнөөдөр Чингисийн  талбайд боллоо.

 

Өдөрлөгийн үеэр нийслэл болон 21 аймгийн байгаль хамгаалах нөхөрлөлүүд, аялал жуулчлалын газруудын эко бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарлаа.  Энэ үеэр Завхан аймгаас оролцож буй сийлбэртэй монгол гэр гадаадын жуулчид болон монголчуудын анхаарлыг ихэд татаж байсан юм. Сийлбэртэй дан гэр 8 сая төгрөгөөр үнэлэгдсэн бол 35 сая төгрөгөөр үнэлэгдсэн тавилгатай, сийлбэртэй монгол гэрийг 35 сая төгрөгөөр нэгэн хувийн компани худалдан авч энэ өдрийн хамгийн өндөр үнэтэй худалдан авалтийг хийлээ.

 

Улсын хэмжээнд байгалийн нөөцийн хамтын менежментийн 1629 нөхөрлөл 8.2 сая га талбайг хариуцан хамгаалж, үйл ажиллагаа явуулж байгаагийн 1218 нөхөрлөл нь 3,1 сая га талбай бүхий ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа ажээ. Эдгээр нөхөрлөлд нийт 16994 өрхийн 41295 гишүүн хамрагдаж байгаагийн 1148 нь идэвхтэн байгаль хамгаалагчаар ажилладаг байна. Маргааш “Байгалийн нөөцийн хамтын менежмент” нөхөрлөлийн үндэсний чуулган зохион байгуулагдана.

 

Чуулганаар эдгээр нөхөрлөлийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, байгалийн нөөцийн хамтын менежментийг хөгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах , төрөөс энэ чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэх аж. Мөн тэдгээрт үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг өргөтгөх боломж арга замын талаар өргөн хүрээнд хэлэлцэх юм байна.

 

Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг төлөвшүүлж, нөхөрлөлийг урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөтэй манай орны хувьд байгаль орчноо хамгаалж, унаган төрхөөр нь хадгалан авч үлдэх, хяналт тавих чухал арга хэрэгсэл гэж албаныхан үзэж байна.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ