Энэ жил төв гудамжиндаа цэцэг тарина

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Д.Энхсайхантай энэ онд нийслэл хотод хийгдэх ажлын талаар ярилцлаа.
-Өнгөрсөн онд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийсэн бэ?
-Өнгөрсөн онд бид нийтдээ 400 гаруй мянган мод тарьсан. Модны ургалт 95 хувьтай байгаа нь нэлээд өндөр үзүүлэлт юм. Энэ жилийн хувьд ч мөн 400 гаруй мянган мод тарьж ургуулахаар төлөвлөж байна. Ногоон байгууламжийн талбайд жил бүрийн хавар, намар цэнэг усалгааны ажил хийгддэг. Ер нь цаашид бид мод тарих аливаа хөдөлгөөний нэршлийг мод ургуулах хөдөлгөөн гэж өөрчлөх хэрэгтэй.
Мод тарих бол мод ургуулах ажлын ердөө 20 хувь нь. Тарьсан модоо хэлбэржүүлэх, бордох, ямар нэгэн механик гэмтлээс хамгаалах, ургалтын үед өнжөөд нэг услах зэрэг хүний нөлөөтэй цогц хөдөлмөрийн үр дүнд мод ургаж нахиалдаг. Мод тарьчихаад мартаад явчихаж огт болохгүй. Өнгөрсөн гуравдугаар сард бид энэ хаврын цэнэг усалгааны ажлаа эхлүүллээ. Ингэснээр шинэ суулгацуудын ургалт сайжирч эрт нахиалах юм.
-Энэ жил нийслэлийн тохижилт, ногоон байгууламжийг арчлах чиглэлээр юу хийх вэ?
-Улаанбаатар нэгтгэл энэ онд 2.7 тэрбум төгрөгөөр ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, арчлалтын ажлыг үндсэн 27 гудамжинд хийхээр төлөвлөөд байна. Энэ хүрээнд нийтдээ 120 гаруй аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. Тухайн аж ахуй нэгжүүд нь хуваарилагдсан нийтийн эзэмшлийн гудамж талбайдаа арчилгаа, нөхөн тарилтын ажил хийх бөгөөд холбогдох зардлыг нийслэлийн төсвөөс гаргуулахаар болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан бүх нийтийн мод тарих өдөр болж өнгөрлөө. Тус өдөртэй холбогдуулан манай байгууллага мод тарьж ургуулах аянд нэгдэж, СХД-ийн 19 дүгээр хороонд “бичил төгөл” байгууллаа.
-Зарим иргэд нэг настай ургамал тарьж төсвийн мөнгөнд үрэлгэн хандлаа хэмээн шүүмжилдэг. Энэ жил нийслэлд цэцэг тарих уу?
-Энэ жил цэцэг тарина. Цэцэг тарих нь нийгмийн маш олон ач холбогдолтой. Тухайлбал явган хүний замыг тусгаарлаад цэцэг тарьчихсан байхад хүн хэзээ ч түүнийг гишгэж гардаггүй. Үүгээрээ иргэдийг хотын соёлд суралцуулж байгаа юм. Мөн стресс ихтэй их хотод цэцэг тарих нь иргэдэд эерэг энерги, баяр баясгалан төрүүлдэг ач холбогдолтой. Нийслэлийн хот тоосжилт ихтэй түүнийг багасгана. Өнгө үзэмжийг сайжруулдаг.
Өндөр хөгжилтэй бусад орнуудад нэг наст ургамлыг гудамж талбайдаа тарих нь тогтсон ажил байдаг. Учир нь тэд, миний дээр дурьдсан ач холбогдлыг сайн мэддэг гэсэн үг. Харин манайд үүнийг хэтэрхий шүүмжлэлтэй талаас нь хүлээж авдаг. Энэ жилийн хувьд их хэмжээгээр цэцэг тарихгүй ч гэсэн бага хэмжээгээр төв гудамжиндаа тарих болно.
-2013 оноос эхлэн танай байгууллагад бүтцийн болоод хүний нөөцийн шинэчлэл хийгдсэн. Хот жил ирэх тусам өнгөлөг болж байгаа нь үүнтэй холбоотой юу?
-Манай нийтийн үйлчилгээний салбар өмнө нь цалин багатай байсан учраас голдуу настай хүмүүс ажилладаг байлаа. Харин 2013 оноос хүний нөөцийн шинэчлэл хийсэн. Үүний хүрээнд 2013, 2014 онуудад ажилчдын цалинг тус тус 30 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр манай ажилчдын цалин дундаж төрийн албан хаагчийн цалингаас өндөр болсон юм. Мөн илүү цагийн мөнгө урамшуулал олгодог боллоо.
Одоо манай байгууллагад ажиллах иргэдийн хүсэл сонирхол нэмэгдэж, нийт ажилчдын насжилт хүртэл залуужсан. Үр дүнд нь ажлын бүтээмж эрс өсч байна. Мөн 2014 онд Сингапур, Хонконгод ажилтнуудаа туршлага судлуулж тэдний чадвар мэдлэгийг дээшлүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэ жилийн хувьд 50 гаруй ажилтнаа БНХАУ-ын Манжуур хотод туршлага судлуулахаар явуулахаар болсон.
Эдгээр ажилтнууд дунд нэг ч удирдах албан тушаалтан дарга байхгүй. Өдөр тутам нийтийн үйлчилгээнд ажилладаг энгийн ажилтнууд байх юм. Энэ мэт ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээр ажиллаж байна.
-Танай байгууллагад архидалттай холбоотой асуудлууд өмнө нь гарч байсан. Энэ асуудалтай хэрхэн тэмцэж байна?
-Илэн далангүй ярихад өмнө нь манай зарим ажилтан ажлын цагаар архи уух тохиолдол их байсан. Харин одоо архи уусан бол өдөртөө ажлаас нь халдаг болсон. Архитай тэмцэх компанит ажлыг байгууллага дотроо өрнүүлж, эхний саруудад 20-30 хүн архи уусан шалтгаанаар ажлаас халагддаг байлаа. Харин ойрын хэдэн сар архины улмаас нэг ч хүн халагдсангүй. Тодруулбал, ажлын цагаар архи уудаг ажилтан байхгүй болсон гэсэн. Ажилчиддаа ажлын цагаар архи ууж болохгүй гэдгийг ойлгуулснаар ажлын бүтээмж нэмэгдэж, хамт олны уур амьсгалд эерэг нөлөө үзүүлж байна.
-Хот тохижилтийн ажлаас гадна зам талбайгаа угааж, шинэлэг ажил хийх болсон шүү дээ. Энэ талаар тодруулаач?
-Сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэл хотын авто замыг сайжруулах, шинэ уулзвар бий болгох зэрэг олон бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан авто замуудын арчлалтыг манай нэгтгэл хийж гүйцэтгэдэг. Энэ ажлынхаа хүрээнд шинэ техник технологийг нэвтрүүлэн ажиллаж эхлээд байна.
Тухайлбал, өвлийн улиралд зам нөхдөг АНУ-ын Bobcat загварын бага оврын олон үйлдэлт техникээс эхний ээлжинд дөрвөн машин авч ажиллуулж байна. Энэ нь зөвхөн зам нөхөөд зогсохгүй бусад олон үйлдэл хийх хүчин чадалтай машин юм. Иргэд мэдэж байгаа байх, Улаанбаатар хот зам талбайгаа угаадаг болсон. Ингэхдээ хүний гараар бус техникийн хүчээр энэ ажлыг гүйцэтгэдэг боллоо. Зам, талбай угааж арчилдаг 10 машин нийслэлд ажиллаж байна.
Өвлийн улиралд авто замын халтиргаа гулгаатай хэсэгт ажилчид хүрзээр давс цацдаг байлаа. 2013 оны өвлөөс эхлэн энэ жишгийг халж давс цацах, усалгаа хийх зориулалт бүхий 14 машиныг нийтийн үйлчилгээнд ашиглаж эхэлсэн. Энэ мэтээр “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д техник технологийн олон шинэчлэл хийгдэж, энэ ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг нийслэлийн төсвөөс гаргаж байна.
-Шинээр ашиглалтад орж буй авто замууд борооны ус зайлуулах шугамгүйн улмаас хурдан эвдэрдэг. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна?
-2013 оноос эхлэн шинээр тавигдсан авто замыг хүлээн авах улсын комиссийн бүрэлдхүүнд манай байгууллага багтдаг болсон. Учир нь хоёр жилийн баталгаат хугацаа дууссан цагаас эхлэн манайх үргэлжлүүлэн арчлалт засварын ажлыг хариуцан явдаг юм. Шинээр тавигдах авто замын зургийг гаргахдаа ус зайлуулах хоолойг тодорхой нарийн зурдаггүй байснаас ийм нөхцөл байдал үүсдэг байсан нь үнэн.
Гэхдээ 2013 оноос эхлэн манай байгууллагаас “Борооны ус” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд нийслэлийн 14 байршилд ус тогтдог байсан замуудыг засч, борооны ус зайлуулах шугамд холбож өгсөн. Тухайлбал, Олимпийн гудамжинд зун бүр их хэмжээний тогтоол ус бий болдог байсан. Үүнийг борооны ус зайлуулах шугамд холбоод улмаар Нарны зам, Төмөр замыг сэтэлж Сэлбийн голруу урсгадаг болсон.
Мөн Р.Гандигийн нэрэмжит гудамжинд жил бүр багахан цөөрөм үүсчихдэг. Үүнийг шийдвэрлэж борооны ус зайлуулах шугамд холбож Сэлбэ гол уруу урсагдаг боллоо. Энэ жил дахин 13 байршилд ус зайлуулах шугам татахаар төлөвлөж зураг төслөө боловсруулаад явж байна. Энэ мэт нийслэлд борооны ус ихээр тогтдог байсан газруудын асуудлыг шийдвэрлэж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ