Ойн талаар баримтлах бодлогыг танилцуулав

img

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг баталсантай холбогдуулан БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, БОХХАА-н байнгын хорооны дарга Су.Батболд нар мэдээлэл хийлээ.

 

АНУ-д болж буй НҮБ-аас дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн ойн форумын ээлжит хуралдаанд Монгол Улсын төлөөлөгчид оролцож байгаа бол өнөөдөр Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн үндэсний чуулган Улаанбаатар хотод болж байна. Цаг хугацааны ийм чухал үед  Монгол Улсын Их хурлаар Төрөөс ойн талаар баримтлах бодлогын бичиг баримтыг хэлэлцэн баталсан нь үндэсний болон олон улсын ач холбогдолтой хэмээн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол онцоллоо.

 

Олон талуудын оролцоог хангасан  санал асуулга, уулзалт, ярилцлага, байгаль орчин, ойн салбартай холбоотой хууль, эрх зүйн орчин, улс орны хэмжээний бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд Монгол орны ойн үндэсний бодлогыг  боловсруулж баталсан байна.  10 жилийн өмнө батлагдсан Ойн тухай үндэсний хөтөлбөр нь илүү ашиглалт руу чиглэсэн бодлого хэрэгжиж байсан. Харин шинэчлэн батлагдсан бодлогод  ойн эко системийг цогцоор нь авч үзэж уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүлэмжийн хийг бууруулах зэрэг дэлхийн нийтийн чиг хандлагатай нийцүүлж байгаагаараа онцлог аж.

 

Төрөөс ойн талаар баримтлах бодлого нь Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ойг нөхөн сэргээх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох юм байна. Бодлого хоёр үндсэн үе шаттай бөгөөд нэгдүгээр үе шатыг 2015-2020 онд, хоёрдугаар үе шатыг 2020-2030 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор 37 арга хэмжээ бүхий таван үндсэн зорилт дэвшүүлсэн байна. Тухалбал,

 

-Ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох менежмент, чадавхийг бий болгон ойг хомсдол, доройтлоос сэргийлэх

 

-Ойг нөхөн сэргээх, ойжуулах, тарьц, суулгац ургуулах, сор шилмэл модны сайн чанарын үр бэлтгэх хэмжээг нэмэгдүүлэн, арга технологийг сайжруулж, бодит хүчин чадлыг бий болгох замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх

 

-Ойн тогтвортой менежментийг бий болгон ойгоос гарах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, экологийн болон эдийн засаг, нийгмийн үр ашгийг сайжруулах

 

-Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх

 

-Ойн эрх зүйн орчныг сайжруулан “ойн сайн засаглал”-ыг бий болгож, салбарын шинжлэх ухаан, сургалт, боловсрол, мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлэх чиглэлд анхаарч байгаа аж.

 

Мөн ойн санг гэрээгээр эзэмшүүлэх, ой бүхий сумдад ойн нөхөрлөл байгуулахад дэмжлэг үзүүлэх замаар ойн санг тодорхой эзэнтэй болгох үйл ажиллагааг эрчимжүүлэх; ойгоос олгох модны хэмжээг үе шаттай бууруулж, мод орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх юм байна.

 

Түүнчлэн үйлдвэрлэлийн зориулалттай мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах бодлого баримталж, иргэдийн модон бүтээгдэхүүний хэрэгцээг ойн арчилгаа, цэвэрлэгээний болон түүвэрлэх огтлолт зэрэг ойн экосистемд халгүй аргаар бэлтгэсэн модоор хангах, тарьц, суулгац ургуулах дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэн, ойжуулалтын ажлын чанарыг сайжруулж, улирлын хамаарлыг багасгах, Монгол оронд агро-ойн аж ахуйн  хөгжлийн үндэс суурийг тавих зэрэг олон шинэлэг зүйл энэхүү баримт бичигт тусгагдсан юм байна.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ