Бага насны охиныг хүчирхийлсэн ламд 16.6 жилийн ял оноов

Бага насны охиныг удаа дараа хүчирхийлж байсан лам О гэгчид холбогдох хэргийг Сум дундын 4 дүгээр шүүхэд өчигдөр хаалттай хуралдаанаар хянан хэлэлсэн байна.
Шүүгдэгч О гэгчийг бага насны буюу 12 настай охиныг удаа дараа хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноожээ. Мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 57-р зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 16 жил 6 сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат хамба лам “О” нь бага насны охин “А” гэгчийг 2011 оноос 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл удаа дараагийн давтан үйлдлээр биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглан хүчирхийлсэн. Мөн 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр батлан даалтанд өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлджээ.
Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн 44 настай уг этгээд нь мөрдөн байцаалтаас зайлсхийж явах үедээ нэрээ нууцлан Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарч байжээ. Түүнийг Булган аймгийн Цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилж улмаар 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр олж баривчлан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
Дээрх хэрэгт Булган аймгийн прокурорын газраас хяналт тавьж ажиллан өнгөрөгч 4 дүгээр сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж Сум дундын 4 дүгээр шүүхэд шилжүүлжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ