Иргэд онцгой байдлын сургалтад хамрагдав

img

“Оргил өөд” клубын залуус энэ сарын 1-нээс “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сарын аян эхлүүлж, энэ үйлсэд иргэд ТББ-уудыг татан оролцуулж байгаа аж. Энэ хүрээнд өнгөрөгч бямба гарагт ОБЕГ-ын Орбит дах Аврах тусгай ангийн мэргэжлийн сургалтын төвд очиж гамшиг тохиолдож, гал түймэр гарсан үед ойр дотны хүмүүсээ хамгаалах, аврах мэдлэг, дадал олж авах сургалтанд хамрагджээ.      

 

Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Б.Батболд удирдан явуулсан аж. Тэрбээр хэлэхдээ “Гамшиг, гал түймрээс аврах хамгаалах сургалтыг анх удаа энгийн иргэдэд зааж байна. Хүмүүс гамшиг, гал түймэр нүүрлэсэн үед юу хийх ёстой гэдгээ мэддэг юм шиг хэрнээ аврах хамгаалахын тулд зөв үйлдэлийг хэрхэн хийх тодорхой мэдлэг, дадалгүй байдаг” хэмээн онцолжээ.

 

Сургалтын дараа Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн бүлгийн дарга, онцгой байдлын ахлах дэслэгч Я.Сэргэлэн ангийнхаа үйл ажиллагааг “Оргил өөд” клубын залууст танилцуулсан аж. Онцгой байдлын машин техник, багаж хэрэгсэл, хамгаалалтын хувцас зэргийг ямар үед хэрхэн хэрэглэдэг талаар анхан шатны мэдлэгтэй болж, өөрсдөө биечлэн туршилт дадлага хийв.

 

Иргэд онцгой байдлын үеийн мэдлэг, дадалтай байх нь аврагчдын үйл ажиллагаанд ихээхэн дэм үзүүлэх ач холбогдолтой гэдгийг ОБЕГ-аас энэ өдөр “Оргил өөд” клубтэй хамтран ажилласан мэргэжлийн хүмүүс хэлж байв. Ийнхүү “Оргил өөд” клуб гамшиг, гал түймрээс урьдчилан сэргийлэх 21 сургагч багштай болсон байна.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ