Байкеруудыг баривчилжээ

АНУ-ын Техас мужийн “Twin Peaks” зоогийн газрын зогсоолд байкерууд буудалдаж, есөн хүн амиа алдсан. Техасын цагдаа нар галт зэвсэг ашигласан 200 гаруй байкерыг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. Баригдсан байкерууд гурван бүлэглэлийнх бөгөөд тэд үргэлж, зөрчил мөргөлдөөнтэй байдаг хэмээн гэрчүүд мэдээлсэн байна. Амиа алдсан хүмүүсийн долоо нь байкер бол хоёр нь зоогийн газрын ажилчин байжээ. Цагдаа нар жинхэнэ хэрэгтнүүдийг барих амаргүй байгааг мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Эхний ээлжинд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан байкеруудаас мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд хэргийг харсан гэрчүүдийг мөрдлөгийн явцад туслахыг уриалж, баригдсан байкеруудын зургийг олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Цагдаа нар дуудлагын дагуу “Twin Peaks”-д ирэхэд ихэнх байкер гар буутай байсан бөгөөд галт зэвсгүүдийг нь хураан авчээ. “Байкеруудын ихэнх нь зөвшөөрөлгүй галт зэвсэг биедээ хадгалж явсан нь мөрдлөгийн явцад илэрсэн” хэмээн Техас мужийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Патрик Свантон хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ