“Оюутолгой”-н далд уурхай хөдөлсөн нь олон улсад ч сайн мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, 40 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хуралдааны хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд:
-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 18-20-ны хооронд Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийж байгаа. АНЭУ нь 9 орчим сая хүнтэй. Нэг хүнд ногдох ДНБ нь 50 мянга орчим ам.доллар. Энэ нь нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд зургаад ордог, баян орон. 1970-аад оны дунд үеэс газрын тос, байгалийн хийн олборлолт тус улсад хүчтэй өрнөсөн учраас өнөөдөр эдийн засаг нь хурдацтай хөгжиж, хүмүүс тав тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн, дэлхийн эдийн засгийн томоохон төв болж чадсан улс юм. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Шадар сайд, тус улсад байрладаг дэлхийн томоохон хөрөнгө оруулагч “Абу Даби”-гийн сангийн хөрөнгө оруулагчидтай уулзана. Мөн Эдийн засгийн чуулганд оролцож үг хэлнэ. Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус улсад очоод манай эдийн засагт хамаарал бүхий томоохон үйл явдалд оролцсон байна. Энэ нь бидний олон сар жил ярьсан “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийг шийдвэрлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслол юм. “Оюутолгой” бол Монголын алт, зэсний хамгийн том уурхай. Энэ уурхай 2013 онд анхны ил уурхайн зэсийн баяжмалыг экспортолж эхэлсэн. Харин 2013 оны наймдугаар сараас эхлээд зарим үл ойлголцол, татварын маргаантай асуудал, тодруулах зарим зүйлээс болоод царцаад байсан.
Шийдлийн Засгийн газар байгуулагдсанаас хойшхи хугацаанд “Оюутолгой”-г хөдөлгөх нь стратегийн хамгийн чухал үйл явдал гэж үзсэн. Ингээд сүүлийн 3 сар хоёр тал хэлэлцээрийг идэвхтэй хийсний дүнд “Оюутолгой”-н далд уурхайг явуулах ажил эхэллээ. Ерөнхий сайд өчигдрийн арга хэмжээнд оролцон хэлсэн үгэндээ “Бид эдийн засгийн эргэлтэд оруулж, хөдөлгөх гэж байсан хоёр том ордынхоо нэгийг хөдөлгөж чадлаа. “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилт зогссоноос болоод нэлээн хүлээлт үүсээд байсан. Монголд эдийн засгийн томоохон хөрөнгө оруулалт хүлээж байсан газрууд мөн томоохон мөнгө орж ирэх асуудал шийдэгдсэнд баяртай байна” гэдгээ илэрхийлсэн байгаа. Далд уурхай нийт ордын 80 орчим хувийг бүрдүүлдэг стратегийн ач холбогдолтой чухал хэсэг байгаа. Үүнд 6 орчим миллиард ам.долларын хөрөнгө оруулалт орох том төсөл. Энэ хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой”, “Рио тинто”, “Туркиз хилл ресурс” болон “Оюутолгой” компанийн төлөөлөл гарын үсгээ зурлаа. Ойрын үед далд уурхайг ашиглах төлөвлөгөөгөө эхэлнэ гэв.
Гал унтраах ангиудыг шинээр байгуулна
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд байгалийн гамшиг, гал түймэр, техникийн осол гээд хүн болон байгаль орчин, мал амьтанд халгаатай үзэгдлийн давтамж ихсэж болжээ. Тиймээс гамшгаас хамгаалах байгууллагын харьяанд гал унтраах ангиудыг нэмж байгуулах асуудлыг шийдвэрлэжээ. Гал унтраах анги, хэсэг, аврах нэгжид тавих шаардлага, улсын стандартаар 4000-аас дээш хүн ам тутамд нэг гал унтраах аврах анги байхаар заасан байдаг. Тус стандартын шаардлага болон гамшиг, гал түймрийн давтамж, учруулж байгаа хохирол жил бүр нэмэгдэж, хүний амь нас, эрүүл мэнд хохирох, гэр, мал эд хөрөнгө өртөж байгаа зэргийг үндэслэн дээрх сумдад гал унтраах, аврах анги байгуулах зайлшгүй шаардлага байжээ.
Харамсалтай нь эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотойгоор 21 аймаг, нийслэл хотод нийтдээ 49 гал унтраах анги ажиллаж байгаа юм байна. Дэд бүтэц, уул уурхайтай холбоотойгоор хөдөө орон нутагт хүн ам төвлөрөн суурьших болжээ. Тухайлбал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 23 мянган хүн ам оршин суудаг байна. Мөн Хөвсгөл аймгийн Тариалан, Завхан аймгийн Тэс суманд 6000-7000 хүн амьдардаг болсон байна. Тиймээс Өмнөговь аймгийн Цогтцэций, Хөвсгөлийн Тариалан, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дорнодын Баян-Уул, Завханы Тэс суманд шинээр гал унтраах, аврах анги байгуулахаар болжээ. Шаардагдах зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцаас гарах аж. 2016 оноос эхлэн холбогдох зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгажээ.
Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойг тэмдэглэнэ
Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойн хүрээнд ирэх сарын 2-3-нд болох Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно. Үүнд аймгийн Засаг дарга нар оролцох юм байна. Энэ арга хэмжээний дараагаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан, Засаг дарга нарын семинарыг зургадугаар сарын 4-5-нд зохион байгуулах аж.
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Орон нутагт үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэхээр энэ онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн зарим ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар мэдээлэл хийж, “Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох” тухай Засгийн газрын тогтоолын төслийн тухай хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн орон нутагт чиглэсэн болон тэнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байна. Хуралдааны төгсгөлд аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газрын 2014 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар гарсан Засгийн газрын шийдвэрийг танилцуулж шалгарсан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ