”Хүрэн берет”-ийн эзэд тодорчээ

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд алба хаагчдын өдөр тутмын хүнд хүчир, тэсвэр хатуужил шаардсан шалгалтыг олон нийтэд таниулах зорилгоор анх удаа нээлттэй зохион байгуулжээ.
Энэ удаа хүнд хүчир бэлтгэлийг даван туулж, өөрийгөө сайтар бэлтгэгдсэн гэж үзсэн 28 алба хаагч өөрийн хүсэлтээр шалгалт өгч 25 алба хаагч “Хүрэн берет” гардан авсан байна.
“Хүрэн берет” нь олон улсад Тусгай албадын алба хаагчийн ур чадвар, ажилласан жил, тэсвэр хатуужил, эр зоригийн илэрхийлэл болдог. Шалгалтаар гараанаас гарахдаа цэрэгжилч, жагсаалч байдлыг шалгуулахаас эхлэн 1, 2 дугаар ката үзүүлэх, давшилт хийн цонх, хонгилоор нэвтрэх, тэмээн шатаар авирах, саадтай замаар гүйх, инженерийн торон доогуур 300 м газар мөлхөх, гуалин авч 100 м гүйх, хорт утаанд орох, байлдааны самбо үзүүлэх, шавар саад туулах, өндрийн буулт тактик ажиллагаа хийх. Мөн гардан тулаан, бууны задаргаа эвлүүлэг хийх, урт, богино буугаар магазин сольж буудах, гар дээр суниах, 12 км замыг гүйж туулах зэрэг авхаалж самбаа, бие бялдрын хурд, хүч шаардсан нийт 21 цэгт дасгалуудыг бүрэн хийж гүйцэтгэн барианд орсноор “Хүрэн берет”-ийн болзолд хүрч чаддаг байна.
Хүрэн берет олгох шалгалтыг цагдаагийн байгууллага уг шалгалтыг 1998 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж иржээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ