”Ажилчны алдар” хөшөөг өнгөлжээ

Хан-Уул дүүргийн залуучуудын холбооноос санаачлан “Ажилчны алдар” хөшөөг өнгөлөж, цэвэрлэжээ.
“Ажилчны алдар” талбайн хувьд Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд 1984 онд ноосны үйлдвэрийн нэгдэл, арьс ширний үйлдвэрийн нэгдлийн санаачлагаар Ажилчны район нэртэйгээр Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас үүрэг өгч байгуулсан түүхтэй.
Харин “Ажилчны алдар” талбайн бэлгэ тэмдэг болох хүрэл хөшөөн баримлыг Б.Хийморь хэмээх уран барималч урлаж байжээ.
Түүхийн нэгэн гэрч урлагийн бүтээл болсон хөшөө дурсгалаа хайрлан хамгаалах сэдлийг ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууддаа таниулах ажлыг санаачлан зохион байгуулж байгаа Хан-Уул дүүргийн залуучуудын холбоо цаашид Нийслэлийн хэмжээнд байх 150 гаруй хөшөө дурсгалыг өнгөлөн, цэвэрлэх ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.
Дашрамд дурдахад С.Лувсанвандан сангийн дэмжлэгтэйгээр Хан-Залуус Тинк Танк, Полиси төвтэй хамтран зохион байгуулсан Ажилчны алдар хөшөөг өнгөлөх ажилд "Залуучуудын хөгжлийн сургууль 999 шилдэг сурагч" хөтөлбөрийн анхны төгсөгчид оролцсон бөгөөд Хөгжлийн сургуулийн 12а, 12б ангийнхан хөшөөг 3 цагийн турш өнгөлжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ