”Хятад Ромео” 17 найз бүсгүйтэй

Хятадын Хунань мужийн иргэн Юань гэгч өнгөрсөн сарын 24-нд авто осолд орж эмнэлэгт хүргэгдсэн юм. Эмнэлгийн ажилчид осолд орсон залуугийн гэр бүлтэй холбогдсонд хачирхалтай нь Юанийн найз бүсгүй гэх 17 бүсгүй эмнэлэгт цугларчээ. Эмч нар залуугийн жинхэнэ найз бүсгүйг олох гэж нэлээдгүй хугацаа зарцуулсан бөгөөд аргагүйн эрхэнд цагдаагийн байгууллагад хандсан байна.
Мөрдлөгийн явцад Юань 17 бүсгүйтэй нэгэн зэрэг үерхдэг байсан нь тогтоогджээ. Тэрбээр 2008 оноос эхлэн бүсгүйчүүдтэй холбоо тогтоосон байна. Юань найз бүсгүйчүүдээ хооронд нь андуурахгүй байхын тулд тусгай групп үүсгэж, тэдний хувийн мэдээллийг хадгалдаг байжээ.
Сонирхолтой нь залуу найз бүсгүйчүүдээсээ сар болгон санхүүгийн тусламж авч, гурван бүсгүйтэй зэрэг гэрлэхээр төлөвлөж байжээ. Энэхүү мэдээллийн дараа түүнийг “Хятад Ромео” хэмээх болжээ.
Хэдэн хоногийн өмнө залуу ухаан орсон байна. Хунань мужийн цагдаагийн газрын ажилчид түүнийг залилан хийсэн хэмээн буруутгаж, баривчилжээ. Шүүх хурал ирэх сарын 11-нд болох аж. Залуугийн 17 найз бүсгүй нь шүүх хуралд оролцож, мэдүүлэг өгөхөөр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Залуу цагдаад өгсөн мэдүүлгийнхээ үеэр “Би бол азтай нэгэн. Хятадын олон залуу эхнэргүй ганц бие байгаа” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ