Гэртээ очиж хэрүүлээ хий

МАН-ын дэргэдэх залуучуудын холбоог НАМЗХ гэдэг. Сүүлийн хэдэн сард энэ холбоо дотооддоо ихээхэн зөрчилтэй байгаа. МАН засагт хамтарснаас хойш холбооны ерөнхийлөгчийн суудлын төлөөх тулаан хүчээ авсан гэвэл болно. Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ гэсэн хоёр “лидер”-ээ дагаж хуваагдан хэсэг бужигнасан. Ээлжлэн хэвлэлийн бага, хурал зарлаж би дарга, тэр биш гэлцэн хэрэлдэж хэрэлдэж саяхнаас нам жим болоод байв.
Гэсэн ч өчигдөр дахиад сэдрэв. Энэ холбооны хэсэг залуу өчигдөр Уул уурхайн яамны гадаа лоозон барьж жагслаа. Жагссаны учир нь Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнд хандсан гэнэ. Хэдхэн хоногийн өмнө НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Г.Тэмүүлэн албан тушаалаа ашиглан орон нутгийн НАМЗХ-г өөрийн болгочих гээд байна гэж хардсан хэсэг залуу холбооныхоо удирдах зөвлөлд шаардлага хүргүүлжээ. Хариуг нь өгөхгүй болохоор ингэж тэмцэж байна гэж хэвлэлийнхэнд ярьсан байна.
НАМЗХ энэхүү жагсаалыг хийхдээ аль нийгэмд амьдраад байгаагаа мартсан бололтой. Өнөөдөр XXI зуун. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд даруй 25 жил болж байна. Гэтэл намыг төр, төрийг нам гэж ойлгосон энэ залуус намын дотоод зөрчлөө төрийн яамны гадаа илэрхийлчихлээ. Ах нараасаа зөвлөгөө авсан бол тэд ингэхгүй ч байсан байж магад. Гэвч нам, төрийг хамтад нь гэж ойлгодог соц сэтгэлгээ хийгээд хүмүүжил НАМЗХ-ны залууст байсаар байгаа юм байна.
Нөгөө талаар тэд энэхүү хэрүүлээ Тусгаар тогтнолын ордондоо л хийх учиртай байв. Г.Тэмүүлэн Уул уурхайн яаманд МАН-ын өмнөөс биш төрийн нэрийн өмнөөс ажиллаж буй билээ. Тэгээд ч төрийн яамны гадаа жагсаж төвөг болох эрх тэдэнд үгүй. Тиймээс “гариг андуурсан” өчигдрийн энэхүү жагсаал олон хүний нүдийг орой дээр нь гаргана лээ. Энд тэнд хэрүүл хийгээд яваа эр, эм хоёрыг хүртэл “Гэртээ очиж хэрүүлээ хий...” гэж загнадаг. Мөн олгой хагаравч тогоон дотроо... гэдгийг МАН-ынхан залуустаа сануулахад илүүдэх юун.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ