Сонсголын бэрхшээлтэй иргэд мессежээр дуудлага өгнө

img

Яаралттай түргэн тусламж, цагдаагийн газар, онцгой байдлын албанд тусламж хүсч мэдээлэл өгөх тохиолдолд сонсголын бэрхшээлтэй  иргэд ярьж чаддаггүйн улмаас энэ үйлчилгээг ашиглаж чаддаггүй. Улмаар харилцааны хүндрэл гарч, сэтгэл санаа, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал элбэг тохиолддог.

 

Иймд сонсголын бэрхшээлтэй иргэдэд яаралттай тусламжийн  үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төв болон үүрэн холбооны операторуудтай хамтран хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд шуурхай тусламж 101, 102, 103, 105 утасны дугаарт мессэжээр (SMS) дуудлага өгөх, мэдээлэл авах үйлчилгээг шинээр нэвтрүүлж эхэлжээ.

 

ХАХНХ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, шуурхай мэдээллийн төв болон үүрэн телефоны операторууд хамтран ажилласны үр дүнд Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл компанийн хэрэглэгчид Шуурхай мэдээллийн төвд мессэжээр (SMS) дуудлага өгөх, мэдээлэл авах боломжтой болоод байна.

 

Тэгвэл өнөөдөр энэхүү ажлыг эхлүүлэх "Хамтын ажиллагааны санамж бичиг”-т Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга тэгрүүн комиссар Р.Чингис, Монголын дүлий иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал нар гарын үсэг зурлаа.   

 

Энэхүү үйлчилгээ нь эхний ээлжинд Улаанбаатар хотын есөн дүүрэгт эхлэх бөгөөд цаашдаа Монгол улын хэмжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Монгол улсын хэмжээнд 2014 оны Статистикийн тоон мэдээгээр сонсголын бэрхшээлтэй 8304 хүн байгаа бөгөөд Улаанбаатар хотод 2845 сонсголын бэрхшээлтэй иргэд байна. Үүрэн телефон хэрэглэгч сонсголгүй 800 гаруй иргэдийн бүртгэлийг шинэчлэн бүртгэж авсан байна.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jjjj:
amjilt khusie
2015-05-20