Гар дээрээс худалдаа эрхлэгчдийг шалгав
Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор зохих зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа эрхлэх явдал ихэсдэг. Ил задгай зарж байгаа өндөг, шорлог, жимс хүнсний ногоо болон бусад бараа бүтээгдэхүүнүүд нь хадгалах хугацаа, горим, орчин нөхцлийн шаардлага хангаагүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байдаг. Гэвч нэг нь зарж нөгөө нь худалдан авсаар л байдаг.
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших Хар хорин худалдааны төвийн дэргэдэх явган зорчигч, нийтийн эзэмшлийн зам, талбай дээр стандарт эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй, чанарын баталгаагүй бараа бүтэгдэхүүн худалдаалах үйлчилгээ эрхлэгч иргэдийг таслан зогсоох тухай дүүргийн Засаг даргын А/320 захирамж гарсны дагуу холбогдох хэлтэс, албад, ажлын хэсэгт орсон удирдлагууд өчигдөр хяналт шалгалт явуулсан байна.
Шалгалтанд дүүргийн Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Өмч газрын харилцааны алба, Хөдөлмөрийн хэлтэс зэрэг холбогдох хэлтэс албад болон Хархорин худалдааны төвийн удирдлагууд хамтран ажиллажээ.
Энэ өдөр Нарантуул худалдааны төв амардаг учир Хархорин захын орчим ил задгай худалдаа наймаа эрхлэгчдийн тоо бусад өдрүүдтэй харьцуулахад өсдөг аж. Энэ удаагийн шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа эрхэлсэн иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авч, зөвшөөрөлгүй үйлчилгээ явуулж буй ТҮЦ-ийг дүүргийн Өмч газрын харилцааны албанаас мэдэгдэх хуудас нааж, хуулинд заасны дагуу хоёр хоногийн дотор үйл ажиллагаагаа зогсоох, зогсоогоогүй тохиолдолд албадан татан буулгахыг анхааруулсан юм.
Мөн автомашиндаа хүнсний болон бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаа иргэдэд Замын цагдаагийн тасгаас хууль тогтоомжийн талаарх мэдээллийг өгч, хариуцлага тооцож, иргэдэд чанарын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэхгүй байхыг ард уриалсан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ