Цэргийн штабынхан номын дуу сонсжээ

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, тоо бүртгэлийн офицерууд энэ сарын 18-19-ний өдрүүдэд мэргэжил-арга зүйн сургалтад оролцсон байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас баталсан 2015 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, Батлан хамгаалах яамны 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас энэхүү цугларалтыг зохион байгуулжээ. Уулзалтыг нээж БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар үг хэлсний дараа СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр цугларалтын зорилго, зорилтын талаар танилцуулсан байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон мөн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар ярилцлага хийсэн аж.
Цугларалтын эхний өдөр УИХ-ын гишүүн М.Батчимэг “Бүс нутгийн аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлт”, ҮАБЗ-ийн Ажлын албаны ахлах референт Г.Уянга “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, орон нутаг дах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үүрэг оролцоо, харилцан ажиллагаа”, хошууч генерал З.Болдбаатар “Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа”, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг “Орон нутгийн хамгаалалтын тухай ерөнхий ойлголт”, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүү “Орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулах онцлог”, хурандаа С.Ганбямба “Орон нутгийн хамгаалалтын талаарх гадаадын орнуудын туршлага, сургамж”, хурандаа Ш.Ганбат “Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлага” дэд хурандаа Г.Энхболд “Батлан хамгаалах эрх зүйн шинэчлэл, хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудал” сэдвүүдээр лекц уншжээ.
Цугларалтын хоёр дахь өдөр Цэргийн штабын дарга нарын хүрээнд “Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлж буй байдал”, “Орон нутгийн хамгаалалтыг боловсронгуй болгох асуудал” сэдвээр илтгэл тавьж, харилцан санал солилцсон үр дүнтэй хэлэлцүүлэг болсон байна. Тоо бүртгэлийн офицеруудад Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын Цэргийн дайчилгааны хэлтсээс “Цэрэг татлагын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Цэрэг, техникийн тоо бүртгэлийг зохион байгуулах нь”, “Хугацаат цэргийн тайлан мэдээ ирүүлсэн байдал, цэргийн штабын нууц хадгалалт хамгаалалт” сэдвээр лекц орж, төгсгөлд нь “Цэрэг, техникийн тоо бүртгэлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, боловсронгуй болгох арга зам” сэдвээр хэлэлцүүлэг явуулжээ. Цугларалтын төгсгөлд яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар цугларалтын дүн гаргаж, оролцогчдод сертификат гардуулсан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ